Орос улс өнөөдөр 1941-1945 оны Аугаа эх орны дайны Ялалтын баярын өдрийг тэмдэглэж байна. Гитлерийн Германыг бут цохисон ард түмний ялалтын 63 жилийн ойг тохиолдуулсан ёслолын арга хэмжээ болж байна. Баярын оргил хэсэг нь Москва хотын Улаан талбайд болдог цэргийн парад юм. Москвагийн цагаар 10 цагт цэргийн парадын нээлт эхэллээ. 1945 оны тавдугаар сард дайнд ялагдсан Берлиний Рейхстагийн байранд зоосон Ялалтын тэмдэг ОХУ-ын төрийн далбааг Кремлийн цагийн цохилох чимээнд Зэвсэгт хүчний нэгдсэн найрал хөгжмийн аялгуунд Улаан талбайд авч явав. Үүний дараа Батлан хамгаалахын сайд Анатолий Сердюков Москвагийн гарнизоны цэргийн өмнүүр өнгөрч, ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведевт парад эхлэхэд бэлэн болсныг илтгэлээ.  Төрийн тэргүүн баярт оролцогчид болоод Улаан талбайд хүрэлцэн ирсэн олон зочдод хандан үг хэлсэн юм: «Та бүхэнд Аугаа их ялалтын баярын өдрийг баярын мэндийг чин сэтгэлээсээ хүргэе. Мөнхөд манай үндэстний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон, хамгийн ариун, ямагт хамгийн олон хүнийг хамардаг баярын мэнд дэвшүүлье. Эх орны дайнд оролцсон бүх дайчдад мэндчилгээ дэвшүүлье. Та бүхэн эх орноо өвдөг сөхрүүлэлгүй хойч үедээ жинхэн эх оронч үлгэр дууриалал болсон. Та бүхний ачаар 5-р сарын 9 ямагт манай ард түмний эрх чөлөөний өдөр хэвээр байна. Цэргийн мөргөлдөөнөөс сэргийлэхийн төлөө өдөр бүр ажиллах хэрэгтэй байгааг Д.Медведев онцлон тэмдэглэллээ. Дахин ийм эмгэнэл гаргуулахгүйн тулд болж өнгрсөн дайнаас сургамж авахыг тэрээр уриаллаа. ОХУ-ын Ерөнхийлөгч арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, шашны тэмцэл, терроризм, хэт даврах үзлийн үзэл санааг дэвэргэхээс сэргийлж, хилийг эргэн харах, олон улсын хууль эрх зүйг үл ойшоохын эсрэг байгаагаа илэрхийллээ. Д.Медведевийг үг хэлсний дараа Улаан талбайд Орос улсын төрийн дуулал эгшиглэж, салют буудав.Цэргийн парад түүхэн хэсгээс эхэллээ. Аугаа их эх орны дайны үеийн дүрэмт хувцастай офицер, цэргүүд тэр үед алдар цуу нь түгэж байсан цэргийн нэгдэл, хэсэг, фронтуудын байлдааны бэлэг тэмдэг, далбааг авч явлаа. Дараа нь парадын орчин үеийн хэсэг эхэлсэн юм. Парадын энэ хэсэгт оролцсон 8 мянга орчим цэргийн албан хаагч Оросын нэрд гарсан загвар зохион бүтээгч Валентин Юдашкины зохион бүтээсэн цэргийн шинэ дүрэмт хувцасыг анх удаа өмсчээ. Зэвсэгт хүчний төрлөөс хамаараад цэргийн дүрэмт хувцас ялгаатай байна.
      Улаан талбайд өнөөдөр болсон Ялалтын баярын парадын нэг онцлог нь 18 жил завсарласны эцэст анх удаа хүнд техник оролцож байгаа явдал юм. Улаан талбайгаар тагнуулын болон агаарын десантын цэргийн байлдааны машин, дэлхийн хамгийн орчин үеийн Т-90 танк, явган цэргийн байлдааны машин, галт тийрэлтэт систем үзэгчдийн өмнүүр өнгөрлөө. Үүнээс гадна С-300 пуужингийн хөөргөх төхөөргийн систем, “Искандер” пуужингийн цогцолбор үзэгчдийн анхаарлыг их татлаа. Парадын төгсгөлд Орос улсын зэвсэгт хүчний хамгийн хүчтэй цөмийн зэвсэг болох стратегийн ач холбогдолтой “Тополь” пуужингийн цэргийн байлдааны техникийн хөдөлгөөнт цогцолбор үзэгчдийн өмнүүр өнгөрсөн юм. Парадын агаарын хэсгийг оргил үе гэж хэлж болно. Орос улсын Агаарын зэвсэгт хүчний 32 нисэх онгоц, нисдэг тэрэг Улаан талбай дээгүүр 300 метрийн өндөрт нисч өнгөрлөө. Орос улсын Агаарын зэвсэгт хүчин, зэвсэгт хүчин, Орос улсын далбааг дүүжилсэн нисдэг тэрэг улаан талбай дээгүүр өнгөрсний дараа Агаарын зэвсэгт хүчин дэлхийн хамгийн хүнд тээвэрлэгч “Руслан” тэргүүтэй байлдааны нисэх онгоцоо үзүүллээ. Дараагаар нь стратегийн пуужин тээгч, бөмбөгдөгч нисэх онгоц, хамгийн орчин үеийн сөнөөгч, довтлогч нисэх онгоц өнгөрөв. Нисэх онгоцны цувааг Агаарын зэвсэгт хүчний “Витязь”, “Стрижки” зэрэг багийн дээд зэргийн нисэгчид СУ-27 болон МИГ-29 сөнөөгч нисэх онгоцтой өнгөрсөн байна. Тэд жишүү дөрвөлжин хэлбэрээр Улаан талбай дээгүүр нисч, өнгө өнгийн салют буудав.
     ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Улаан талбайд хэлсэн үгэндээ, “Манай арми, флот Орос улс шиг хүчээ авч, бэхжиж байна” хэмээн тэмдэглэв. Өнөөдөр тэдний хүчинд оросын зэвсгийн түүхэн алдар цуу, манай армийн их сүр хүч, ялалтын уламжлал агуулагдаж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>