Foto http://www.newsru.comЁслолын хар костюм, гялалзсан алтан мөрдөстэй, бөмбөрөө дадамгай цохилох цэргийн-хөгжмийн сургуулийн сурагчид Москва хотын улаан талбайгаар жигд алхалж байна. Дэлхийн хоёрдугаар дайнд гитлерийн Германийг ялсны ойд зориулсан ёслолын парад жил бүрийн 5-р сарын 9-нд болдог. Энэ жил ч ялгаагүй энэ парад болно. Ийм хувь заяа тохиосон залуу хөгжимчид хэн бэ? Залуу хөгжимчдийн хоёр нь “Оросын дуу хоолой” радиогийн студид хүрэлцэн иржээ. Тэд бол Виталий Панчихин, Константин Шумилов нар юм.Константин хүүхдийн асрах байрнаас цэрэг-хөгжмийн сургуульд элссэн байна. Тэрээр төгсөх 4 дамжаанд суралцаж байгаа бөгөөд энэ хугацаанд парадын туршлагатай оролцочдын нэг болжээ. «Би гурван жил дараалан парадад оролцсон. Энэ их хүнд хөдөлмөр, гэхдээ Улаан талбайд Орос улсын төрийн дуулал эгшиглэхийг сонсоход, Ялалтын парадад оролцох хувь тохиосон өөрөөрөө, өвөг дээдсээрээ бахархах сэтгэл төрдөг» гэж К.Шумилов ярив. (Марш) ОХУ-ын цэргийн удирдаач Валерий Халилов энэ хөгжмийг бичсэн. Москвагийн цэргийн хөгжмийн сургуульд сурч байсан тэрбээр марш хөгжмөө тус сургуулийн төгсөгчдөд зориулжээ. Константин, Виталий нар цэргийн хөгжмөөр мөн ийм амжилтанд хүрэхийг мөрөөдөж байна. Ямартаа ч тэд сургуулиа төгсөөд цэргийн удирдаачдын дээд сургуульд элсэхээр сэтгэл шулууджээ. Тус дээд сургууль армийн найрал хөгжмийн удирдаачдыг бэлтгэдэг байна. Орос улсад 200 орчим цэргийн найрал хөгжмийн удирдаач байдаг. Өнөөгийн цэргийн сургуулийн сурагчид ажилгүй хоцрохгүй. Энгийн хүмүүс ч тэдний хөгжмийг их сонсдог. Цэргийн хөгжмийн сургуулийн төгсөгчид мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгддэг учраас Москвагийн их театр, Орос улсын үндэсний найрал хөгжмийн бүрэлдэхүүнд ажилладаг байна. Тус сургуулийн сурагчид амьдралд хэрэг болох чухал зан чанарыг эндээс олж авдаг. Нэгдүгээр дамжааны оюутан Виталий Панчихин үүнийг хэдийн мэдэрсэн бөгөөд цэргийн хүмүүс болох эцэг эх нь түүнийг энэ сургуульд элсэж, гэр бүлийнхээ цэргийн мэргэжлийг үргэлжлүүлэхийн зөвлөсөнд тэрээр талархаж байна. «Би хамт олны дунд байж амьдралд суралцсан гэж залуу ярьж байна. Бид ямагт бие биенээ дэмжиж, тусалдаг. Маргалдах тохиолдол гардаг ч, эв зүйгээ олдог. Дэг журам, зохион байгуулалт, суралцах хүсэл зэрэг зан чанар энгийн амьдралд ч хэрэг болно» гэж В.Панчихин хэллээ. Залуу хөгжимичид Москва хотын захад цэргийн хуаранд амьдардаг. Хөгжмийн аялгуунд нэвт автсан учраас энэ ер бусын онцгой хот юм. Сургуулийн танхимаас өдөржингөө төгөлдөр хуур, лимбэ, бүрээний дуу хангинаж байдаг. Цэрэг-хөгжмийн жагсаалын хүнд элементийг давтдаг тусгай талбай бий. Залуус хөтөлбөрөө олон нийтэд үзүүлэхэд тэд сэтгэл өндөр хүлээж авдаг. Константин Шумилов өнгөрсөн намар андуудтайгаа “Кремлийн дуудлага” цэргийн найрал хөгжмийн олон улсын наадамд хэрхэн оролцсоноо дурсаж байна. Бид Улаан талбайд бөмбөрчин, бүрээчдийн дүрээр гарч ирсэн. Сургуулийн гол үзүүлбэр бол бөмбөрийн жагсаал юм. Бид “цэцэг” гэх мэт янз бүрийн дүрсээр жагсаж, янз бүрийн хэмнэлтэй хөгжмий дардаг. Хүүхдүүд тус сургуульд 12 настайдаа ирдэг. Дөрвөн жилийн дараа бяцхан жаал боловсролтой залуу болон өөрчлөгдөж, Парис, Лондон, Германы хотууд, Итали, АНУ-ын үзэгчид алга ташин угтана. Москвагийн цэрэг-хөгжмийн сурагчид тоглосон газар бүртээ мартагдашгүй сэтгэгдэл үлдээдэг билээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>