Үр тарианы үнэ өндөр байгаагаас дэлхийн хүнсний хямрал 2015 он хүртэл үргэлжилнэ. Дэлхийн банкны ерөнхийлөгч Роберт Зеллик ийм таамаглал дэвшүүллээ. Олон улсын аюулгүй байдлын шинэ сорилд зохих хариу арга хэмжээг боловсруулах чухал шалгалт дэлхийн хамтын нийгэмлэгт тулгараад байна гэж манай тоймч Константин Гарибов үзэж байна. Роберт Зеллик Мехикод болсон төв Америк, Карибын сав газар, Венесуэлийн хүнсний аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтын үеэр ийм мэдэгдэл хийв. Өлсгөлөнгийн улмаас энэ бүс нутагт нийгмийн өргөн хүрээтэй хүчтэй цочролд орно. Энэ бүхнээс зайлсхийхийн тулд төрийн тэргүүн нар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бүх үйл явц, үнийн бодлого, хүнсний бүтээгдэхүүний худалдаа зэргийг өөрийн хяналтандаа авч байна. Хүнсний хомсдлыг арилгахад өмнөд болон зүүн өмнөд Азид хамтын арга хэмжээ авах эрэл хайгуул хийж байна. Энэтхэг, Хятад, Пакистан зэрэг будаа их хэмжээгээр экспортолдог орнууд хүч чармайлтаа зохицуулах бодолтой байна. Тэд ойрын үед үр тарианы үйлдвэрлэлийн өсөлтийн хэтийн төлөв, эдгээрийг хуваарилах шинэ технологи, хүнсний бүтээгдэхүүний үнэ, зах зээлийн байдлын талаарх мэдээлэл солилцоно. Азийн хөгжлийн банк энэ хүчин чармайлтад дэмжлэг үзүүлнэ. Тус банк ойрын жилүүдэд Ази-Номхон далайн бүс нутгийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд олгох зээлийн хэмжээг хоёр дахин нэмж, 2 тэрбум долларт хүргэх бодолтой байна. Таиланд будаа үйлдвэрлэгч бүлэг байгуулах замаар асар хурдтай өсч байгаа үнийн хяналтыг чангалах санал тавиад байна. “Будааны ОПЕК” эсрэг үр дагавартай байж болох учраас Лаос, Мьянма, Камбож, Вьетнам зэрэг улс дээрх саналыг дэмжихгүй байна. НҮБ ядуу хүмүүс оршин суугаа бүст 755 сая долларын яаралтай тусламж үзүүлэхийг хөгжингүй орнуудад уриаллаа. Хүнсний зах зээлийн хямарлын үр дагаврыг даван туулах хамгийн үр нөлөөтэй хэрэгсэл нь нийлүүлэлтийг нэмэгдүүлэх явдал байж болохыг Үндэсний стратегийн асуудал эрхэлсэн зөвлөлийн оросын талын дарга Иосиф Дискин үзэж байна: «Энд ямар арга хэмжээ авах боломжтой вэ? Юуны түрүүнд хүнсний бүтээгдэхүүн, газар тариалалтыг нэмэлт зорилогт ашиглахаа зогсоох хэрэгтэй. Био түлш ашиглах тухайд би ярьж байна. Хүнсээр хүмүүсийг хооллох ёстой. Европын Холбоо зэрэг эдийн засгийн томоохон субъектууд хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдэд татаас олгох бодлогоосоо татгалзах хэрэгтэй байна. Энэ бодлого фермерүүд хэт их бүтээгдэхүүн үйлдвэрлэх, зах зээлийн үнэ унахаас сэргийлсэн юм. Европын Холбооны дэмжлэгээр үйлдвэрлэл 15 хувиар нэмэгдэнэ. Орос улсад хөдөө аж ахуйн бүтээдэгдэхүүнийг эрс нэмэгдүүлэхэд улс орны эдийн засгийн таатай байдлыг Орос улс ашиглах ёстой” гэж Иосиф Дискин үзэж байна. Орос улсад сүүлийн саруудад хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Энэ нь дэлхийн хүнсний хямарлаас үүдэлтэй бөгөөд хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг нэлээд нэмэх шаардлагатай байгаа талаар эрх баригчдад дохио болов.

Орчуулагч Г.Нарангарав