В.Путин улс орны ерөнхийлөгчийн хувиар төрийн эрхэнд 8 жил ажилласан бөгөөд өнөөдөр буюу 5-р сарын 6 түүний ажлын хамгийн сүүлчийн өдөр юм. В.Путины хоёр удаа ерөнхийлөгчөөр ажилласан ажлын үр дүнг гаргахад их хугацаа орно. Товчдоо Германы канцлер асан Герхард Шредерийн өгсөн үнэлгээг ашиглаж болох юм. Орос улс ерөнхийлгч В.Путины үед илүү ардчилсан, дэлхийд тогтвортой байдал тогтоох амжилт гаргасан гэж гүн гүнзгий утга агуулгатай хэлсэн. Энэ байр суурийг гадаадын нэрд гарсын төрийн тэргүүн, улс төрчид төдийгүй Орос улсад нөхөрсөг бус ханддаг улс орны дээрх албан тушаалын хүмүүс хүлээн зөвшөөрч байна. Хамгийн гол нь ерөнхийлөгч В.Путиныг Оросын ард иргэд өндөр үнэлж байна. Судалгаанд оролцсон хүмүүсийн 80 орчим хувь нь түүнийг дэмжжээ. Хоосон ярьж, амлах бус ярьсанаа амьдралд хэрэгжүүлсний дүнд түүний нэр хүнд өндөр байна. Орос улс өнгөрсөн 8 жилийн хугацаанд дэлхийд хамгийн өндөр хурдтай хөгжлөө. ДНБ-ий долоогоос илүү хувьтай өссөн байна. Дэлхийн хамгийн их хөгжсөн 10 орноос Орос улс долдугаар байрт оржээ. В.Путины баг Орос улсыг 2020 онд эдийн засгийн хэмжээгээр дэлхийд тавдугаар байрт орох зорилт тавих үндсийг энэ бүх хугацаанд тавьсан билээ. Макро эдийн засгийн энэ сэтгэл хөдөлгөм үзүүлэлтийг оросын энгийн иргэн мэдэрч байсан нь чухал юм. 2007 онд иргэдийн орлого 20-25 хувиар нэмэгдсэн. Улс оронд өнгөрсөн жилийнхээс гуравны нэгээр илүү орон сууц барьсан. Засгийн газар ганцхан урьдын адил өндөр байгаа инфляцийг тогтоон барьж чадсангүй. В.Путины ерөнхийлөгч байх үеийн ажлын амжилтыг эдийн засгийн үзүүлэлтээс гадна бусад үзүүлэлтээр хэмжиж байна. Тэрээр улс орныг нэгтгэж, иргэдийн Орос улсын хүчинд итгэх итгэлийг сэргээж, гадаад, дотоодод тавьсан зорилтоо биелүүлэх чадвартай болохыг харууллаа. Москва өнгөрсөн жилүүдэд АНУ, НАТО, олон улсын бусад байгууллагын тухайд үндэсний ашиг сонирхолоо хамгаалсаар ирлээ. Хуучин зөвлөлтийн орон зайд Орос улсын байр суурийг бэхжүүллээ. Хятад, Энэтхэг, азийн бусад орнууд, Ази, Африк, латин Америкийн орнуудтай харилцаагаа идэвхжүүллээ. В.Путин үүнд хөөрч баярласан шинжгүй байгаа нь баярлууштай. Тэрээр засгийн газар, засаг захиргааны гишүүдтэйгээ сүүлд уулзахдаа хамтран ажилласанд талархаад, сэтгэл амарч болохгүй гэж хэлсэн юм. Шинэ ерөнхийлөгч Д.Медведевийн үед В.Путин засгийн газрын тэргүүний албан тушаалд очих тул ийм байдал гарахгүй. Тиймээс Кремльд амаргүй ажил гүйцэтгэсэнд түүнд талархаад, шинэ ажилд нь амжилт хүсье.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>