Төрийн тэргүүн төр засгийн эрхийг хүлээж авах ёслолын арга хэмжээ олон оронд болж байна. Орос улсын Петр 1 хаан 18-р зуунд энэ ёслолыг нэвтрүүлжээ. Харин ёслолын энэ арга хэмжээ 1917 оны Октябрийн хувьсгал хүртэл 200 гаруй жил үргэлжилсэн байна. Улс орон ерөнхийлөгчийн засаглалтай болсон 20 зуунд ёслолын энэ арга хэмжээ сэргэсэн билээ. Тиймээс ёслолын арга хэмжээний зохиолыг эхнээс нь бичиж, улс орны нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр шинэ санаа нэмж байв. Төр засгийн эрхийг хууль ёсоор шилжүүлэх, залгамж халааг онцлон харуулж буй ёслолын цуглуулга одоо уламжлал болон тогтлоо. Ёслолын арга хэмжээ Москва хотын Кремлийн их ордон буюу орос улсын төрийн тэргүүний ёслолын өргөөнд болно. Энэ ордонг оросын байлдааны гавьяанд зориулж 19-р зууны дунд үед барьж байгуулсан юм. Тиймээс ёслолын бүх танхимыг Оросын эзэн хааны одонгоор нэрлэсэн байгаа. Өнөө үед танхимын үзэсгэлэн, сүр жавхалангаар гайхшруулж байна. Георгиевский хамгийн том нь юм. Танхимын гэрлийн бүрхүүл тус бүр 3 тонн жинтэй, шалыг 20 гаруй төрлийн модоор хийсэн байна. Александровский танхим алтадсан байдлаараа хүмүүсийн анхаарлыг татдаг. Харин Андреевский бол ёслолын гол танхим юм. Энд эзэн хааны хаан ширээ байсан учраас энэ танхимыг эзэн хааны танхим гэж нэрлэдэг. Д.Медведев гурван танхимаар ороод Андреевскийн танхимд зогсох хэрэгтэй гэж улсын ёслолын асуудал хэриуцсан тэргүүн Георгий Вилинбахов хэллээ. «Кремлийн их ордны танхимын дагуу ерөнхийлөгчийн явах замд улаан хивс тавина. Хамгийн сүүлчийн Андреевскийн танхимд ёслолын бүх чухал үйл явдал болно. Ерөнхийлөгчийн засаглалын бэлэг тэмдэг болох далбаа, Эх орны нэгдүгээр зэргийн одон, Д.Медведев тангараг өргөх Үндсэн хуулийн онцгой хувь зэргийг шилжүүлнэ. Борис Ельцин 1996 онд хоёр дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдож, ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд энэ бүх бэлэг тэмдгийг ашиглаж байсан. В.Путин 2000, мөн 2004 онд төрийн тэргүүн болох ёслолд мөн энэ бэлэг тэмдгийг ашигласан» гэж Г.Вилинбахов хэллээ.
Тангараг өргөх эх ердөө 33 үгээс бүрдэж байгаа. Д.Медведев “ОХУ-ын ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ иргэн, хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, ОХУ-ын Үндэсний хуулийг мөрдөж, хамгаалах, Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хамгаалж, ард түмэндээ үнэнчээр зүтгэхээ амлаж байна” гэж хэлэх ёстой юм. Энэ үгийг хэлсний дараа Үндсэн хуулийн цэцийн тэргүүн шинээр сонгогдсон ерөнхийлөгч албан тушаалдаа орсныг зарлана. Төрийн дуулал эгшиглэж, Кремлийн ерөнхийлөгчийн өргөөний оройд төрийн тэргүүний далбааг өргөнө. Дараа нь Д.Медведев тангараг өргөх үг хэлж дуусахад Кремлийн их буугаар 30 удаа салют буудна. Ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочдод таатай бэлэг барина. Энэ арга хэмжээнд оролцох 2000 гаруй хүнд Петербургийн мөнгөний ордонд хийсэн дурсгалын медаль бэлэглэнэ. Медаль 925 мөнгөний сорьцтой 31 грамм жинтэй юм. Тангараг өргөх ёслолын зохиолыг хэдэн жилийн өмнө бичсэн хэдий ч, энэ удаагийн ёслол нэг онцлогтой. Орчин үеийн Орос улсад бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгч энэ эрхээ сонгогдсон төрийн тэргүүнд шилжүүлнэ. В.Путин, Д.Медведев нар шинэ уламжлалыг анх нэвтрүүлнэ. Тангараг өргөх ёслолоос энэ бүхнийг харах боломжтой.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>