Ирээдүйгээ өөдрөгөөр харж, улс орны байдал тогтворжиж, эдийн засаг нь цэцэглэн хөгжинө гэдэгт итгэж байгаа оросын иргэдийн тоо гутранги бодолтой хүмүүсээс гуравны нэгээр илүү байна. “Росгосстрах” компанийн стратегийн судалгааны төвийн шинжээчид оросын хүн амын эдийн засгийн талаарх байр суурийг судалсны үндсэн дээр ийм дүгнэлт хийжээ. Судалгаанд 41 хотын 21 мянган хүн оролцсон байна. Судалгаанд цогц дүн шинжилгээ хийснээр оросын орчин үеийн нийгмийн хөгжлийн талаар хэд хэдэн сонирхолтой нааштай хандлагыг хэлж болохоор байна гэж судалгааны төвийн дарга Алексей Зубец тэмдэглэв. «Хүн амын бодит орлого тогтвортой өсч, сүүлийн үед дунджаар 12 хувиар өссөн нь ирээдүйд эдийн засаг цэцэглэн хөгжинө гэсэн өөдрөг байр суурьтай нргэдийн тоо нэмэгджээ. Тиймээс хүмүүс сайн сайхан амьдарч, тавьсан зорилтоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна. АНУ-ын эдийн засаг хямарсан, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнөөс үүдээд хэрэглэгчийн санаа сэтгэлийн индекс зарим талаар буурсан байгаа. Өөдрөг бодолдтой хүмүүс бага зэрэг цөөрсөн” гэж А.Зубец хэллээ. Орос улсад дунд ангид хамаарах хүмүүсийн тоо нэлээд хурдтай өсч байна. Хүн амын 20 гаруй хувь нь энэ давхаргыг бүрдүүлж байна. Жижиг хотуудыг оролцуулаад Орос улсын бүс нутгуудад энэ давхаргад хамрагдах хүн амын тоо нэмэгдэж байна. Эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа тухайлбал эдийн засгийн төсөл хэрэгжиж, хөрөнгө оруулалт их хийж байгаа тийм газар дунд ангид багтах хүн амын тоо өсч байна гэж Алексей Зубец ярьж байна. “Оросын хүн амын хөдөлмөрийн чадвартай 25-45 насны бүлэгт багтах хүмүүс хамгийн их өөдрөг сэтгэлтэй байна. Энэ бүлгийн хүмүүс өөрийн хөдөлмөрөөр зорьсон амьдралаа цогцлуулах боломжтой гэж ойлгож байна. Хүмүүс нийгмийн шатаар дээш өгсөж, европын дунд ангийнхнаас муугүй амьдрахыг хүсч байна”гэж А.Зубец тэмдэглэв. Өндөр настай, амьжиргааны түвшин доогуур хүн амын сэтгэл санаа нэлээд өөдрөг болсон. Тус улсад ядуу зүдүү хүмүүсийн тоо буурчээ. Тухайлбал 2005 онд оросын хүн амын 30 гаруй хувь нь нэн ядуу бүлэгт хамрагдаж байсан бол 2008 онд энэ үзүүлэлт 21 хувьтай байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>