Дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний асуудал хурцдаж байгаа энэ үед Орос улс хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэх арга хэмжээ авахад хүргэж байна. Тухайлбал онцгой ач холбогдолтой хөдөө аж ахуйн нутаг дэвсгэр байгуулах арга хэмжээг аваад байна. Орос улсын хүнсний аюулгүй байдлыг хангахад стратегийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа бүс нутаг ийм статустай болно. ОХУ-ын Хүнс хөдөө аж ахуйн яамны санал болгосноор Алтайн хязгаарын нутаг онцгой ач холбогдолтой анхны нутаг дэвсгэр болно. Тус бүс нутгийг Сибирь, Алс Дорнодын үр тарианы орон гэж үзсээр ирсэн гэж Алтайн хязгаарын захирагч Александр Карлин хэлэв. “Өнөөдөр бид Сибирийн холбооны тойргийн хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүний тавны нэгийг үйлдвэрлэж байна. Манай бүс нутаг сүү, мах, үр тарианы бүтээгдэхүүн, боловсруулалтаар улсдаа айргийн тавд багтдаг уламжлалтай. Мөн гурил, амуу буудай, бяслаг болон бусад бүтээгдэхүүн, боловсруулалтаар улсдаа дээгүүр ордог. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээгээр Алтайн хязгаарын нутагтай дүйцэх 5-7 нутаг дэвсгэр байгаа гэж би бодож байна”. Алтайн хязгаар онцгой ач холбогдолтой хөдөө аж ахуйн нутаг дэвсгэрийн статустай болбол хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ шинэчлэхэд улсын төсвөөс нэмэлт эх үүсвэр авч, хэд хэдэн хөнгөлөлт эдэлнэ гэж найдаж байгаа. Тус бүс нутаг ийм статустай болсноор хөдөө аж ахуйн хэд хэдэн томоохон төсөл хэрэгжүүлэхэд Улсын хөрөнгө оруулалтын сангаас дэмжлэг авах боломжтой болно гэж Алтайн хязгаарын захирагч ярьж байна. Тухайлбал буудайг гүнзгий боловсруулж, биоэтанол түлш үйлдвэрлэх орчин үеийн үйлдвэрийг тус хязгаарт барина. Нийт 5 тэрбум рубль буюу 200 гаруй сая доллар хүсэх юм. Онцгой ач холбогдолтой нутаг дэвсгэрийн статустай болсноор хөдөө аж ахуйн асуудлыг шийдээд зогсохгүй тус хязгаарын эдийн засгийн бусад салбарыг тухайлбал машин угсрах, гербицидийн үйлдвэрлэл хөгжүүлэхэд хөдөлгөгч хүч болох юм.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>