Бид уламжлал ёсоор шуудангийн тоймоор ээлжит нэвтрүүлгээ эхэлье. Сүүлийн үед манай сонсогчид улам идэвхтэй захидал бичих болсныг тэмдэглэхэд таатай байна. Голдуу Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд хариулт хүлээж авлаа. Асуулт хариултын уралдаанд хариулт ирүүлэх тоолондоо манай сонсогчид манай нэвтрүүлгийг үнэлж, өөрийнхөө тухай бичдэг. Тухайлбал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 3-р багийн оршин суугч Лувсандорж биднээс 25 захидал хүлээж авснаа нандигнан хадгалж байгаа тухайгаа бичжээ. Ойлгомжтой бас олон янз байдлаараа манай нэвтрүүлэг Лувсандоржид их таалагддаг байна. Лувсандорж бага охин Эрдэнэбаянтайгаа “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг сонсдог байна. Охин ч, радиогийн нэвтрүүлэг сонсох дуртай гэнэ. Лувсандорж гуай сонсогчдын илгээсэн захидлыг редакцид хадгалдаг уу? гэж асуужээ.
Эрхэм Лувсандорж гуай, бид сонсогчдынхоо захидлыг хадгалдаг. Манай редакцид сонсогчдын захидлыг бүртгэж, хариулаад, орчуулдаг тусгай редактор бий. Энэ бүх захидлыг компьютерийн тусгай хавтсанд хадгалдаг. Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын 1-р багт оршин суугаа Болортулга бидэнд их сонирхолтой захидал илгээжээ. Болортулга өдгөө 26 настай. Тэрээр дунд сургуулиа төгсөөд эцэгтээ хонь хариулахад нь тусалдаг байна. Түүний эцэг нь инженерээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан юм. Манай сонсогч бүсгүйг дөнгөж нэг ойтой байхад нь ээж нь хорвоог орхижээ. Болортулга ах, эгчтэй эцэг эхээсээ олуулаа юм. Манай сонсогчийн гэр бүл эв найртай, хөдөлмөрч хүмүүс аж. Болортулга “Оросын дуу хоолой” радиог байнга сонсдог. Түүнд манай улс төр, эдийн засгийн асуудал хөндсөн нэвтрүүлэг их таалагддаг байна. Орос, Монгол улс урьдын адил янз бүрийн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа тэрээр мөн илэрхийлжээ. Эрхэм Болортулагаа, бидэнд захидал бичсэнд их баярлаллаа. Бид таны хүсэлтийг анхааралдаа авна аа.
Н: Улаанбаатар хотын Улаанхуаранд оршин суугаа Улаан бидэнд байнга захидал бичдэг. Түүнд манай нэвтрүүлэг их таалагддаг байна. Тэрээр манай нэвтрүүлгийг зөвхөн радиогоор төдийгүй телевизээр нэвтрүүлэхийг санал болгожээ.Нийслэлийн “Баянгол” зочид буудлын ажилтан Чимэддулам, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн малчин Мөнхбаяр нар мөн ийм санал тавьж байсныг хэльеэ.
Эрхэм анд нөхдөө, бидний ажлыг өндөр үнэлсэн та бүхэнд их баярлаллаа. Москвагаас монгол хэлээр дамжуулах нэвтрүүлгийн асуудлыг “Оросын дуу хоолой” радио шийдэх эрхгүй юм. Гэхдээ ойрын жилүүдэд энэ бүхэн хэрэгжинэ гэдэгт найдаж байна.
Бас нэг захидал иржээ. Хэнтий аймгийн Норовлин сумын 4-р багийн малчин хүндэт Гэндэн энэ захидлыг бидэнд илгээсэн байна. Тэрээр манай байнгын сонсогч төдийгүй асуулт хариултын уралдаанд оролцогч юм. Гэндэн гуай “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийн техникийн чанарын тухай захидалдаа бичжээ. Москвагаас дамжуулж байгаа нэвтрүүлгийн чанар сүүлийн үед эрс сайжирсныг тэр тэмдэглэв. Хүндэт Гэндэн гуай та үүнийг ажигласан нь сайн байна. Бид нэвтрүүлгээ 3 жилийн өмнөөс тоот хэлбэрээр бичих болсон тул чанар нь сайжирсан байгаа. Одоо Гэндэн гуай бид таны хөгжмийн захиалгыг хүргэе. Александровын нэрэмжит оросын армийн ансамблийн дуулсан “Калинка” дууг танд хүргэе.
Орос улс хэдэн хүн амтай вэ? Жилд хэдэн хүүхэд мэндэлдэг вэ? Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн оршин суугч Дэлгэр гуай бидэнд ийм асуулт тавьжээ. Урьдчилсан тоогоор ОХУ-ын хүн ам 2008 оны 1-р сарын 1-ий байдлаар 142 сая хүн байсан. Өнгөрсөн жил хүн амын тоо бараг 238 мянгаар буурчээ. Гэхдээ энэ үзүүлэлт 2007 онд өнгөрсөн жилийнхээс багассан байгаа. 2007 онд сүүлийн 20 жилд хамгийн их хүн төрсөн юм. Орос улсад 1 сая 350 мянган нялхас хорвоод мэндэлжээ. ОХУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамны таамагласнаар хүн ам зүйн асуудлыг шийдэх арга хэмжээ авсны дүнд Орос улсад 2009 оны төгсгөлд шинээр мэндлэх хүүхдийн тоо 26 хувиар нэмэгдэж, жилд 1,7 сая болох юм. Манай радио сонсогчид ямар арга хэмжээ авсан бэ? хэмээн асууж магадгүй юм. Юуны түрүүнд амаржих гэрчилгээний хөтөлбөр эрчимтэй хэрэгжиж байна. Орос улсын хөл хүндтэй эмэгтэй бүр ийм гэрчилгээ авч байгаа. Энэ гэрчилгээнд тулгуурлан тухайн хөл хүндтэй эмэгтэй үнэ төлбөргүй амаржих газраа өөрөө сонгоно. Тухайн төрөх газрыг олон эмэгтэй сонгох тусам тэнд ажиллаж байгаа эмч, эх баригчийн цалин нэмэгдэх юм. Yүнээс гадна 2008 оноос 3 хүртлэх насны хүүхдийг асрах янз бүрийн шатлалтай тэтгэмж олгохоор тогтоосон. Мөн хоер дахь түүнээс дээш хүүхэд төрүүлсэн тохиолдолд 270 мянган рубль буюу 10 мянга гаруй долларын “эхийн капитал” гэж нэрлэдэг тэтгэмж олгодог. Амаржих газрын тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинэ барилга бариханд нэлээд хэмжээний хөрөнгө зарж байна. Тухайлбал Эрхүү мужид шинэ тоног төхөөрөмж бүхий мужийн амаржих төвийг энэ жил ашиглалтад өгнө. Улсын 3, бүс нутгийн 16 амаржих төвийн барилгын ажлыг эхэлсэн байгаа. Хүн ам зүйтэй холбоотой бүх зорилго, зорилтыг биелүүлэхэд холбооны төсөвт бараг 262 тэрбум рубль хуваарилжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин саяхан дээд зэргийн технологийн эмнэлгийн тусламжийг хөгжүүлэх асуудлаар зөвлөлгөөн хийх үеэр Орос улсын эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн сайд Татьяна Голикова 2012 онд улсын хэмжээнд хүн амын нас баралтын түвшин төрөлттэй тэнцэж, хүн амын нас баралт багасна гэж мэдэгджээ. Эрхэм Дэлгэрийн тавьсан асуултанд бид хариуллаа. Одоо түүнд Филипп Киркоровын дуулсан “Миний нүд рүү хараач” дууг зориульяа.
Улаанбаатар хотын оршин суугч Монголбуугийн Төмөрбаатар Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд саяхан хариулт илгээжээ. Эрхэм Төмөрбаатар биднийг сонсож байгаа гэж найдаж байна. Тэрээр их сайн хариулжээ. Ялангуяа асуулт хариултын уралдааны 4 дэх асуултанд хэрхэн хариулсан нь бидэнд их таалагдлаа. М.Төмөрбаатар “Оросын дуу хоолой” радиогийн Монгол хэл рүү цацдаг нэвтрүүлгийн түүхийг маш сайн мэддэг болохыг хараад бид их гайхсан. Манай хэлтэст ажиллаж байсан олон нэвтрүүлэгчийн нэрсийг дурдсан байна. Харин Төмөрбаатар гуай бидэнд утсаа бичсэн ч, хаягаа тодорхой бичээгүй байна. Төмөрбаатар болон манай сүүлчийн асуулт, хариултын уралдааны бусад оролцогчийн хүсэлтээр уралдааны дүнг 5-р сарын 18-нд буюу ням гаригт гаргахыг сануульяа. Улаанбаатар хотын энх тайван найрамдалын төвд 6-р сарын сүүлээр уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулна. Уралдааны дүнг танилцуулах товыг гадаадын орнуудтай соелын харилцаа тогтоох, Монголын найрамдалын нийгэмлэгийн холбооны монгол ажил нэгт нөхөдтэйгээ тохиролцож байна. Энэ хугацааг мөн 5-р сарын 18-нд зарлана. Нэвтрүүлгийнхээ төгсгөлд бас нэг зарлал хэлэе. Эрхэм анд нөхөд өө, “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг одооноос “Оросын дуу хоолой” радиогийн www.ruvr.ru хаягаар уншиж болно. Манай вэб хуудсын хаягийг дахин бичиж авна уу. www.ruvr.ru . Одоо Оросын эстрадын дуучин Алла Пугачева, Максим Галкин нарын дуулсан “Кафешка” дууг хургэе.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг дуусах дөхөж байна. Эрхэм анд нөхөд өө, та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>