Foto http://www.svadebnoefoto.comХуанлийн он тооллоор 6-р сарын 1-нд зуны улирал эхэлдэг. Харин Москва хотынхны хувьд нийслэлд олон тооны усан оргилуур ажиллаж эхлэх тэр мөчид зуны улирал эхэлдэг. Энэ жил 4-р сарын 30-нд Москва хотод жинхэнэ баяр боллоо. Оросын нийслэлийн янз бүрийн өнцөг буланд хөгжмийн зохиолч Чайковскийн “Щелкунчик” бүжгэн жүжгийн “Цэцгийн вальс” симфони хөгжмийн аялгуунд хэдэн зуун усан оргилуурын ус нэгэн зэрэг тэнгэрт ойлгодон гарлаа. Нийслэлд 12 жилийн тэртээгээс “усны улирлыг” нээх уламжлал тогтжээ. Тухайн үед том хотод төдий л их биш ердөө 46 усан оргилуур байсан гэж хотын дарга Юрий Лужков тэмдэглэж байв. Өнөөдөр хотод том, жижиг 700 орчим усан оргилуур ажиллаж эхэллээ. Хамгийн эртний усан оргилуурын нэг “Витали”-г 1835 онд Их Театрын ойролцоох Театрын талбайд барьжээ. Хамгийн сүүлд “Царицыно” дархан цаазат-музейн гэрэл, хөгжмийн аялгуунд олгойддог усан оргилуурыг 2008 онд ёслол төгөлдөр нээсэн юм. Чайковскийн хөгжимд усан оргилуураас цэцгийн дэбээ мэт ус олгойдон гарахдаа, ер бусын гайхалтай “цэцгийн” хэлбэртэй болдог. Царицыно музейн усан оргилуур Чайковскийн “Марш”, францын хөгжмийн зохиолч Поль Мориагийн хөгжмийн аялгуунд зуны турш бүжинэ. Москва хотынхон болон нийслэлийн зочид зун өөр ер бусын усан оргилуур нээгдэхийг харна. Нийслэлийн зүүн өмнөд хэсэгт болох цэгийн баярын үеэр чихэртэй хийжүүлсэн ус бүхий усан оргилуур ажиллана хэмэн Москва хотын зүүн өмнөд тойргийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй харилцах албаны туслах Светлана Говорухина ярив. «Хотын зүүн өмнөд хэсгийг хамгийн олон усан оргилуур ажилладаг. Кузьминий цэцэрлэгт хүрээлэнд болон цэцгийн наадмын үеэр бид усны оронд хийжүүлсэн усаар дүүргэх усан оргилуур ажиллуулахаар зэхэж байна. Усан оргилуур ердөө нэг өдөр ажиллана» гэж С.Говорухина хэллээ. Москва хотын төвд “Адам болон Ева” усан оргилуурыг энэ жил шинээр нээлээ. Дур татагч могой ороосон диваажингийн модны дор Хүн төрлөхтний “өвөг” Адам, Евагийн хөшөө байрлуулжээ. Оройдоо усан оргилуураас ойлгодож байгаа ус, орох хаалганы дэргэдэх багана гэрэлтэнэ. Манежийн талбайн усан оргилуур 10-р сар хүртэл 24 цаг ажиллана. Бусад усан оргилуур зуны турш өглөөнөөс үдэш хүртэл ажиллана. Өдрийн цагт усан оргилуураас олгойдон гарч байгаа ус нарны туянд солонго татуулж, үдэш шөнийн Москвад давтагдашгүй онцгой дүр төрх нэмдэг.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>