Олон Улсын Валютын сангийн /ОУВС/-ийн илтгэлд энэ тухай өгүүлжээ. АНУ-ын эдийн засгийн хямрал Европт халдаж тус тивийн эдийн засаг уналтанд орж байна. “Америкийн энэ өвчин” энэ жил, ирэх жил ч ялгаагүй европт мэдрэгдэнэ. Европын хөгжингүй, хөгжиж байгаа бүх орон энэ хямралд өртөнө. Аль алинд нь эдийн засгийн өсөлт нэлээд саарна. Үүнээс гадна тус тивийн хөгжиж байгаа оронд зээлийн хүү нэмэгдэж, корпорацийн үнэт цаасны үнэ өснө. Хөгжингүй орнууд эдийн засгийн уналтын улмаас хөгжиж буй орнуудаас авдаг бараа бүтээгдэхүүнийг урьдынхаас бага хэмжээгээр авах тул хөгжиж буй орнуудын ДНБ-ий зонхилох хэсэг нь бүрдэхгүй юм. Европын Төв банк энэ нөхцөлд хэцүү сонголт хийхэд хүрнэ. Еврогийн бүсийн эдийн засаг сүүлийн жилүүдэд боломжийн хөгжиж байсан. Тухайлбал ДНБ аж үйлдвэрлэл өссөн, ажилгүйдлийг хяналтандаа авсан байв. Европын төв банк инфляцийг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй барьж, хүүгийн хувь хэмжээг нэмсэн. Хүүгийн хувь хэмжээ өндөр байх тусам инфляц бага байлаа. Зээлийн хүү өндөр байх тусам эдийн засгийн өсөлтийг хойш татдаг. Тиймээс энд тэнцвэрт байдлыг хадгалах нь чухал юм. Европын Төв банк урьд тэнцвэрийг хадгалж чадаж байсан бол одоо үүнийг хийж чадахгүй байна. Ийм нөхцөлд Европын Төв банк бодлогоо өөрчлөх хэрэгтэй гэж РБК эдийн засгийн агентлагийн шинжээч Александр Яковлев үзэж байна. «Европын төв банк инфляцтай тэмцэх гээд сүүлийн жилүүдэд хүүгийн хувь хэмжээг нэмсэн. Еврогийн бүсийн эдийн засаг саарч байгаа энэ үед Еврогийн ханш хангалттай сайн бэхжсэн, хүүгийн хувь хэмжээ нэмэгдсэн болохоор хуучин ертөнцийн эдийн засгийн байдал оны төгсгөлд муудаж магадгүй байна. Европын төв банк одоохондоо тун хэцүү байдалд байна. Инфляц өндөр байгаа болохоор Европын төв банк хүүгийн хувь хэмжээгээ нэмэхэд хүрч байна. Эдийн засгийн өсөлтийн хурд саарч болзошгүй байгаа учраас тус банк мухардалд орж магадгүй. Еврогийн эдийн засгийн бүст стагляци болбол цаашид хүүгийн хувь хэмжээг хэрхэн зохицуулах, юуны түрүүнд юуны эсрэг тэмцэх зэрэг асуудлаар шийдвэр гаргахад түвэгтэй болох юм. АНУ-ын эдийн засаг өнгөрсөн оны төгсгөлд, энэ оны эхэнд тулгарсан бэрхшээлтэй асуудалтай Европын эдийн засаг тулгарч магадгүй байна. Эдийн засгийн өсөлтийн өндөр хурдыг барих, эсвэл инфляцтай тэмцэх гэсэн сонголттой тулгараад байна гэлээ. ОУВС-ийн европын бүсийн эдийн засгийн талаарх илтгэлд Орос улсын эдийн засгийн талаар таамаг дэвшүүлжээ. Олон улсын шинжээчдийн бодлоор Оросын эдийн засагт “хэт халах” аюул нүүрлэж байна. Тиймээс Москва энэ жил юуны түрүүнд инфляцтай тэмцэхийн тулд зээл-мөнгөний бодлогоо чангалах хэрэгтэй.

Орчуулагч Г.Нарангарав