Орос, АНУ, Их Британи, Франц, Хятад, Герман зэрэг олон улсын зуучлагч “зургаагийн” оролцсон Лондонд болсон уулзалтаар Иран улс цөмийн хөтөлбөрийнхөө хэд хэдэн чиглэлийг хэрэгжүүлэхээс татгалзсан тохиолдолд тус улсад шинэ санал тавихаар тохирлоо. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх уулзалтад оролцогч орнуудын нэрийн өмнөөс Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Милибэнд энэ тухай мэдэгдлээ. Энэ ноцтой асуудлыг хамтран шийдэхийн тулд зуучлагч “зургаа“ холбогдох алхамуудаг маш үр нөлөөтэй хэлэлцсэнийг олон улсын ажиглагчид тэмдэглэж байна. Уран баяжуулж буй Ираны цөмийн хөтөлбөр нь тогтвортой байдалд заналхийлж, ноцтой байгаа учраас энэ асуудлыг үр бүтээлтэй шийдвэрлэх хэрэгтэй гэдэгт уулзалтад оролцогчид санал нэг байна. Тегерантай хоёр чиглэлээр хамтран ажиллах стратегийг хэрэгжүүлэх тухайд уулзалтад оролцогчид санал нэг байлаа. Нэгдүгээрт өнгөрсөн сард баталсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1803 тогтоолыг амьдралд хэрэгжүүлэх. Иран уран баяжуулахаас татгалзсан тохиолдолд тус улсын эсрэг шинээр хэд хэдэн хориг арга хэмжээ авах тухай энэ тогтоолд тусгажээ. Нөгөөтэйгүүр Тегеран цөмийн хөтөлбөрийн асуудлаар олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллавал тус улс тодорхой ашиг тус хүртэх тухай мөн тогтоолд тусгасан байна. Ирантай хамтран ажиллах тухай асуудлаар Москвагийн байр суурийг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров ийнхүү тодорхойлж байна. «Яриа хэлэлцээнээс гадуур ямар нэг өөр хувилбараар шийдвэр гаргахыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг зохицуулахад хүч хэрэглэвэл Ойрх болон дундад дорнодод хямрал газар авч, тэсвэрлэх аргагүй болно. Тэгвэл энэ байдлыг зохицуулах дурын оролдлого бүрмөсөн тасалдана» гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд тэмдэглэв.Төлөвлөгөөний агуулгаар одоохондоо иргэний цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхэд Иранд дэмжлэг үзүүлэх тухай тодорхой байгаа. Тегеран цөмийн хөтөлбөрийн хэд хэдэн чиглэлийг хэрэгжүүлэхээс татгалзсаны дүнд тус улсын сонирхолыг татах эдийн засгийн хэд хэдэн саналыг төлөвлөгөөнд багтаасан. Тегеранд санал болгох илүү тодорхой зүлйиг нийтэд зарлахгүй.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>