Орос улсын төрийн тэргүүнийг “2007 оны онцлох хүнээр” шалгаруулсан “Тайм” долоо хоног тутмын нэрд гарсан сэтгүүл энэ жагсаалтыг гаргажээ. Харин энэ удаа В.Путиныг “удирдагч, шинэчлэгч” ангилалд оруулсан байна. Энэ хэсэгт буддын шашны тэргүүн далай лам, БНХАУ-ын дарга Ху Зиньтао, АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш, энэ албан тушаалд нэр дэвшигч Хиллари Клинтон, Барак Обама, Жон Маккейн нар оржээ. “Тайм” сэтгүүлийн үзэж байгаагаар жагсаалтад орсон хүмүүс үлгэр дууриалал, авьяас чадлаараа дэлхийн хөгжилд хамгийн их нөлөө үзүүлжээ. “Орос улсын удирдагч хатан зоригоор улс орноо их гүрэн болгон сэргээлээ” хэмээн В.Путины гэрэл зургийн дор тайлбар оруулжээ. Орос улсын гарамгай их хаан Их Петр хааны хөргийн загвараар Орос улсын ерөнхийлөгчийн хөргийг интернетэд оруулсан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Мадлен Олбрайт орос улсын ерөнхийлөгчийн талаар нийтлэл бичжээ. “В.Путинтэй 1999 болон 2000 онд анх уулзасны дараа түүнийг хатуу, өөртөө итгэлтэй, хөдөлмөрч, эх оронч, сэтгэл татам хэмээн өдрийн тэмдэглэлдээ бичсэн.” Өнгөрсөн жилүүдэд тэр өөртөө маш их итгэлтэй удирдагч болсон” гэж Мадлен Олбрайт бичсэн байна. В.Путиныг төрийн эрхэнд байх үед ард түмний үндэсний уламжлал, түүхэн бахархал сэргэсэн гэж урьдын адил АНУ-д нөлөөтэй хэвээр байгаа төрийн нарийн бичгийн дарга асан бичжээ. В.Путин саяхан болсон “Нэгдсэн Орос улс намын” хурлын үеэр ийм үр дүнд хүрэхээ юуны түрүүнд ард түмэндээ амласан. «Олон сая хүний хамтын хүчээр терроризмыг нухчин дарж, бүх нийтийг хамарсан хямарлаас гарах нөхцлийг бүрдүүлсэн. Хамгийн түрүүнд, мөн хамгийн хэцүү асуудлыг одоо ярихад эртдэх ч, хүн амын олонхийг хамарсан ядуурлыг гэтлэх, дэд бүтцийг шинэчлэх, Зэвсэгт Хүчнийг шинэчлэх зэрэгт томоохон алхам хийсэн. Инновацийн эдийн засгийн үндэс суурийг тавих, дэлхийд Орос улсын байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн идэвхтэй, хараат бус гадаад бодлого явуулж байна» гэж одоогийн ерөнхийлөгч тэмдэглэв. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Д.Медведевийн үед ч энэ бодлогыг үргэлжлүүлэх нь эргэлзээгүй. “Сэтгэл амарч, тайвширч болохгүй. Орос улсын ард түмний өмнө хүлээсэн бүх үүргээ биелүүлэхийн тулд тасралтгүй ажиллаж, улс орон урагш тэмүүлэх ёстой хэмээн В.Путин шинээр сонгогдсон ерөнхийлөгчид захиж байв. Нэр хүнд олохын тулд бус байгалийн асар их баялагтай, өргөн уудам нутагтай улс орны бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хадгалах цорын ганц арга бол дэлхийн томоохон эдийн засагтай томоохон орны тоонд багтах явдал юм гэж тэр хэлэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>