Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр ОХУ-д албан ёсоор айлчлахдаа Москвад болсон яриа хэлэлцээний үеэр хөдөө аж ахуйн салбарт хоёр орны хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандууллаа. Монгол Улсын ерөнхий сайд энэ салбарт хамтран ажиллах талаар ОХУ-ын Засгийн Газрын тэргүүн Виктор Зубков, эдийн засаг-эрдэм шинжилгээ техникийн хамтын ажиллагааы асуудлаарх Монгол-Оросын засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн ахлагч Алексей Гордеевтэй уулзлаа. Москвад болсон яриа хэлэлцээний дүнд гарын үсэг зурсан багц баримт бичигт хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хоёр гэрээ багтасан байгаа. Энэ гэрээнд ОХУ-ын Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Алексей Гордеев, Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг нар гарын үсэг зурсан юм. Баримт бичигт гарын үсэг зурсны дараа манай тусгай сурвалжлагч Ольга Павлович ОХУ-ын хөдөө аж ахуйн сайдад хэдэн асуулт тавьсан байна.
Асуулт:Монгол улс өнгөрсөн жил ургац аваагүй учраас цагаан сарын баярын өмнө Орос улс 7 мянган тонн гурил хөрш оронд нийлүүлж, яаралтай тусламж үзүүлсэн юм. Харин ОХУ-ын ерөнхий сайд Монголын үр тарианы дотоод зах зээлийг тогтворжуулахын тулд 100 мянган тон буудай нийлүүлэх баримт бичигт 4-р сарын 10-нд гарын үсэг зурав. Эхний 50 мянган тонн буудайг Монгол улсад хэзээ хүргэх вэ?
А.Гордеев: «Ийм хэмжээний буудайг нэг амиар тээвэрлэх аргагүй. Буудайг галт тэргээр нийлүүлнэ. Үүнд технологийн хугацаа хэрэгтэй. Ургац хураах хүртэл 3-4 сарын турш хөнгөлөлттэй нөхцлөөр буудайг хүргэнэ. Орос улс энэ жил гадаадад буудай экспортлоход татвар ногдуулж байгаа. Монгол Улсад нийлүүлэх буудайг экспортын татвараас чөлөөлж хөнгөлөлт үзүүлж байна. Монгол улсын үр тарианы зах зээл 250 мянган тонн болохыг энд сануулъяа.»
Асуулт:Монгол Улс болон ОХУ-ын хил орчмын нутаг дэвсгэрт хамтарсан арга хэмжээ явуулах, амьтан, амьтны гаралтай түүхий эдийн экспорт, импорт, мөн тээвэрлэх нөхцлийн мал эмнэлэг, мал эмнэлгийн ариун цэврийн салбарт хамтран ажиллах тухай яам хоорондын протокол, засгийн газар хоорондын гэрээнд та гарын үсэг зурсан. Энэ баримт бичигт юу тусгасан бэ?
А.Гордеев: «Мал аж ахуйн бүтээгдэхүүн экспортолж, импортолдог бүх оронтой бид ийм баримт бичигт гарын үсэг зурж байгаа. Энэ баримт бичигт мал эмнэлэг-ариун цэврийн стандарт, шаардлага, мал эмнэлгийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөхөөр тусгасан. Ингэснээр энэ салбарт ажиллах хувийн компаниудын үйл ажиллагаа илүү ил тод, ойлгомжтой, хэтийн төлөвтэй болно.»
Асуулт:Оросын монголтой хил залгаа нутгууд монголооос мах авах сонирхолтой байгаа. Энэ тухай олон жил ярьж байна. Ерөнхий сайд С.Баяр яриа хэлэлцээний дараа хийсэн хэвлэлийн бага хурлын дараа Монгол улс мах, мал аж ахуйн бусад бүтээгдэхүүнийг Орос улсад нийлүүлэхэд бэлэн байгаа тухай хэлсэн. Энэ талаар та тайлбар хийхгүй юу?
А.Гордеев: «Орос улс мах, махан бүтээгдэхүүнээс гадна малын үржил селекцийг сайжруулахын тулд Монголоос сайн үүлдрийн мал авах сонирхолтой байна. Урьд бид сайн үүлдрийн хонь худалдан авсан. Тус улсын стратегийн нөөц болох сайн үүлдрийн мал гаргахыг Монгол улс өнөөгийн байдлаар хориглосон байгаа. Гэхдээ Оросын мал аж ахуйд үржил селекц явуулахын тулд Тувагийн бүгд найрамдах улсад хонь худалдаж авах боломж олгосон. Зөвлөлтийн үед монголоос нийлүүлсэн малын мах боловсруулах олон үйлдвэр барьсан ОХУ-ын хил орчмын нутгуудад амьд мал авах сонирхолтой байгаагаа бид сүүлийн жилүүдэд нэг бус удаа илэрхийлсэн. Их төвөгтэй асуудлыг шийдэж байгаа юм. Буриад, Тувагийн бүгд найрамдах улсад мах боловсруулах үйлдвэр зогсож, хэдэн зуун хүн ажилгүй болсон. Монголын тал биднийг ойлгосонд талархаж байна.»

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>