Москвагийн сансрын нисэгчдийн дурсгалын музейд одооноос олон улсын сансрын станцад аялж, сансрын нисэгчдийг бэлтгэдэг жинхэнэ хэрэгсэл дээр өөрийгөө сорих боломжтой. Музей их засварын дараа хаалгаа дахин нээж байна. Үзэгчид сансрын талаар мэдэлгээ зузаатгахаас гадна “сансрын амьдралын” олон сайхан зүйлийг өөр дээрээ турших боломжтой болжээ. Сансрын нисэгчдийг бэлтгэх төвд ашигладаг хэрэгслийг музейд тавих юм байна. Хүссэн хүн олон улсын сансрын станцтай гараар залгагдах, тойрог замаас буух талбайд өөрийгөө сорих, жингүйдлийн орчинд хүртэл байж болох гэнэ. Музейд ирсэн хүмүүс тойрог замд 15 жил ажилласан жолоодлогот тойрог замын “Мир” станцын макетын дагуу аялах боломжтой гэж Сансрын нисэгчдийн дурсгалын музейн орлогч захирал, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Александр Лавейкин ярьж байна. «Станцын макетын дагуу жинхнээсээ аялсан мэт сэтгэгдэл төрөх юм. Тус станцад ороход хөдөлхөд бага зэрэг хэцүү байсныг хэлье. Энэ станцад нислэг үйлдэж байсан дурсамж тархины маань гүнд үлдсэн бөгөөд дахин сансарт очсон мэт сэтгэгдэл төрж байсан. Станц газар дээр бус агаарт байрлах тул тийшээ тусгай шилэн гүүрээр очих ёстой юм. Станцад сансарт байгаа мэт сэтгэгдэл төрж байсан» гэж А.Лавейкин хэллээ. Музейн нэг танхимд нислэгийг удирдах жижиг төв байгуулсан. Электрон газрын зураг дээр бодит цагаар олон улсын сансрын станцын тойрог замын хөдөлгөөнийг ажиглах боломжтой. Хөлөг дотор багийн гишүүд байгаа зургийг том дэлгэцэн дээр үзүүлсэн. Радио станцаар багийн гишүүдийн яриаг ч сонсох боломжтой. Музейн үзмэр бүх насны үзэгчдийн сонирхолыг татна гэдэгт Александр Лавейкин итгэлтэй байна. Насанд хүрэгчид бага насныхаа мөрөөдлийг биелүүлж, сансрын нисэгчдийн дүрд тоглох боломжтой. Харин залуусын хувьд сансрын ер бусын ертөнцтэй танилцах сайхан боломж.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>