Сочи хотод 2014 онд болох өвлийн олимпийн бэлтгэл ажлын хүрээнд шаардлагатай бүх дэд бүтэц, спортын объектыг барьж байгуулах үеэр экологийн аюулгүй байдлыг хангахад Орос улсын засгийн газар их анхаарал тавина. Орос улсын бүс нутгийн хөгжлийн сайд Дмитрий Козак ийнхүү мэдэгдлээ. Түүгээр ч барахгүй бүх объектыг барихад ус цэвэрлэх, хог хаягдал устгах, агаар бохирдуулах бодисыг бууруулах сүүлийн үеийн, дээд зэргийн технологи ашиглах тул тус бүс нутгийн байдал сайжрах давуу талтай. Сочи хот 2014 оны өвлийн олимпт одооноос идэвхтэй бэлтгэж байна. Нийт 200 объект барьж байгуулахаас 27-г энэ жил барина. Юуны түрүүнд хотын экологийн байдлыг сайжруулах ёстой цэвэрлэх байгууламж, цахилгаан станц, зам, автомашины замын холбоос зэргийг байгуулна гэж Дмитрий Козак хэллээ. «Бобслей, цанын төрлийн спортын дэд бүтцийг барьж байгуулах Красная поляна зэрэг Сочи хотын нутаг дэвсгэрт байгаль хамгаалах арга хэмжээ авах асуудлыг хэлэлцсэн. Олимпийн объектыг барьж байгуулах одоо байгаа хөтөлбөрт нэмэлт томоохон өөрчлөлт оруулах төслийг Оросын засгийн газарт оруулсан. Байгаль орчныг хамгаалахад чиглэсэн өөрчлөлт юм. Наадмын бэлтгэл ажлын хүрээнд Сочи хот болоод тус бүс нутгийн экологийн байдал сайжирна» гэлээ. Сочи хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг өргөжүүлэх арга хэмжээ байгаа. Спортын объектоос холгүй барилгын ажил явуулснаар цэцэрлэгт хүрээлэнгийн байгальд нөлөөлөх ачааллыг энэ арга хэмжээгээр багасгах юм. Орос улсын байгалийн нөөцийн яам Сочи хотын нутаг дэвсгэрт барилгын бүх ажлыг хэрэгжүүлэхэд экологийн шаардлага хангаж байгаа эсэхийг хянах, хүрээлэн буй орчны байдалд тогтмол мониторинг хийх үүрэг хүлээжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>