Удахгүй 6-р сарын 6-8-нд болох Петербургийн эдийн засгийн 12-р форум янз бүрийн оронд үндэсний ашиг сонирхолыг хамгаалах, дэлхийн байгалийн нөөцийг эзэмших өрсөлдөөн, дэлхийн цаг уурын өөрчлөлт, Оросын эдийн засгийн давуу болон сул тал зэрэг үндсэн сэдвээр болно. Энэ жил тус форумд 8 мянга гаруй хүн оролцохоос 3 мянга гаруй нь дэлхийн болон оросын томоохон компанийн төлөөлөгчид байна. Форум эхлэхээс 2 сарын өмнө 500 орчим хүн бүртгүүлснээс ОХУ-ын засаг захиргааны нэгжийн тэргүүн 52 хүн байна. Энэ удаа нэлээд олон хүн форумд оролцох төлөвтэй байгаа Петербургийн форумыг “Оросын Давос” гэж нэрлэх нь бий. Нева мөрний эрэг дээр хэд хэдэн орны ерөнхийлөгч, сайд, парламент, засгийн газрын тэргүүн нар оролцох юм. Форумын хүрээнд ТУХН-ийн улсуудын тэргүүн нарын албан бус дээд хэмжээний уулзалт болно. Зангиагүй болох энэ уулзалт нь ерөнхийлөгчөөр сонгогдсон Д.Медведевийн оролцох олон улсын анхны чухал арга хэмжээ юм. Форумын хөтөлбөрийг бараг боловсруулж дууссан бөгөөд оросын болон олон улсын гэсэн хоёр хэсгээс бүрдэж байна. Улс орон бүрт үндэсний ашиг сонирхолоо хамгаалах нэгдсэн механизм боловсруулах, хүрээлэн буй орчныг хамгаалах арга хэрэгсэл зэрэг дэлхийг хамарсан асуудлыг форумын эхний өдөр хэлэлцэнэ. Форумын хоёр дахь өдөр улс орныг 2020 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлалын хөтөлбөрийг хэлэлцэнэ. Хэлэлцүүлгийн дүнд тодорхой асуудлаар шийдвэр гаргаж, баримт бичиг-меморандумд гарын үсэг зурахгүй гэж Худалдаа эдийн засгийн хөгжлийн сайд Эльвира Набиуллина ярив. Форум өөр хэлбэрээр болно. «Форум бол яриа хэлэлцээний талбар. Энэ жил энэхүү талбар Орос улсын төдийгүй дэлхийн хөгжлийн чухал асуудлыг хэлэлцэх газар болно гэдэгт бид найдаж байна. Ойрын хугацаанд шийдвэр гаргах шаардлагатай сэдвийг хэлэлцэнэ. Хөтөлбөрөө сонирхолтой агуулга сайтай, төгс боловсруулахыг хичээж байна. Форумын хүрээнд хоёр бүгд хурал, 10 бага хурал, 13 “дугуй ширээний уулзалт”, Дэлхийн залуу удирдагчид форумын гишүүдийн оролцоотой ажлын тусгай хурал зохион байгуулна» гэж Э.Набиуллина хэлэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>