Уламжлал ёсоор сүүлд ирсэн захидлын тоймоо танилцуульяа. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд бид та бүхнээс захидал хүлээж авсаар байна. Өвөрхангай аймгийн Сант суманд суугаа эрхэм П.Дүвжир гуай хариултаа саяхан илгээжээ. П.Дүвжир гуай Москвагийн радиогийн асуулт хариултын уралдаанд 1961 онд оролцож байсан тухайгаа захидалдаа бичжээ. Монгол улсад ардын хувьсгал ялсны 40 жилийн ойд зориулж асуулт хариултын уралдаан явуулсан юм. Тэр үед манай сонсогч дурсгалын бэлэг авч байжээ. Сүүлийн жилүүдэд тэрээр асуулт хариултын уралдаан, тэмцээнд ганц ч оролцоогүй байна. П.Дүвжир гуай өдгөө 75 настай. Тэрээр одоо ч манай радиог сонсож нутаг нэгтнүүддээ сурталчилж байдаг. Түүний зөвлөснөөр нутгийн дунд сургуулийн хэд хэдэн сурагч, малчин Ц. Цэдэнсодном гуай “Оросын дуу хоолой” радиог сонсох болсон тухай түүний захидлаас мэдлээ. П. Дүвжир туай, та бидэнд захидал бичсэнд баярлаллаа. Таны захидалд дурдсан сурагч охин асуулт хариултын уралдаанд хариултаа илгээсэн байгаа. Тэрээр Сант сумын 5-р ангийн сурагч Жаргалсайханы Үүрцайх юм. Үүрцайх одоо биднийг сонсож байгаа гэж найдаж байна. Үүрцайх дөнгөж 10 настай мөртөө их сайн хариулжээ. Хамгийн гол нь охин шагналт байранд өрсөлдөх хэмжээнд хариулсан байна. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдааны болзол ёсоор хамгийн бяцхан оролцогчид шагнал гардуулах тухай бид хэлж байсан. Одоогоор Үүрцайх манай хамгийн бяцхан оролцогч байна. Асуулт хариултын уралдаан үргэлжилж байгаа. Бид 5-р сарын 15 хүртэл та бүхнээс уралдааны хариу хүлээж авна. Одоогоор нэг хүн шагналын эзэн болсон. Тэр бол Монгол Улсын нийслэлийн Баянгол дүүргийн оршин суугч Чулууны Зэндмээ юм. Асуулт хариултын уралдаанд хамгийн түрүүнд хариу илгээсэн тул түүнд шагнал гардуулна.
Сүүлд хүлээж авсан захидлын тоймоо үргэлжлүүлье. Бидэнд бас нэг сонирхолтой захидал иржээ. Эрхэм Д. Лхагвасүрэн гуай олон жил завсарласны эцэст бидэнтэй дахин захидлаар харилцах болов. Одоогоор тэр Монгол Улсын нийслэлд оршин сууж байна. Д.Лхагвасүрэн 30 жилийн тэртээ манай радиогийн асуулт хариултын уралдаанд оролцохдоо Сэлэнгэ аймагт ажиллаж байсан бөгөөд дараа нь Дундговь аймгийн гал командын дарга болсон юм. Тэр үед оросын ажил нэгт нөхөдтэй холбоо тогтооход туслахыг манай редакцаас хүсч байсан тухайгаа эрхэм Лхагвасүрэн захидалдаа дурсжээ. Манай редакцийн хамт олон Наушки дахь гал командын хаягийг илгээснээр тэр ажил нэгт нөхөдтэйгээ холбоо тогтоосон юм. Эрхэм Лхагвасүрэн 1987 онд Москвад томилолтоор ирэхдээ манай редакцид ирсэнээ мөн дурссан байна. Түүнийг “Диалог” зохиогчийн хөтөлбөртөө урьж оролцуулсан, тэр үед редакцийн дарга байсан Игорь Кунавины талаар Лхагвасүрэн захидалдаа халуун дотноор бичсэнд бидэнд их таатай байна. “Оросын дуу хоолой” радиогийн өнөөгийн нэвтрүүлгийг өндөр үнэлж, санал сэтгэгдлээ бичсэн танд баярлаллаа.
Монголын анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд захидал илгээсэн бүх хүнд талархаж байна. Гэхдээ эрхэм сонсогчид оо, асуулт хариултын уралдаанд оролцоно гэдэг түрүүлэхийн нэр биш ээ. Нэрийг нь дурдаад яах вэ, саяхан манай нэг сонсогч өмнөх асуулт хариултын уралдаанд цаг заваа барж бэлтгэн оролцоход шагнал өгсөнгүй гэж гомдолжээ. Сайн хариулсан хүмүүст шагнал гардуулна шүү дээ. Бид шударгаар, хэн нэгэнд илүү хандалгүй, өмнө нь амжилт гаргасан эсэхийг үл харгалзан уралдааны ажлыг дүгнэж байгаа. Энэ удаагийн асуулт хариултын уралдааныг мөн л ийм байдлаар дүгнэнэ.
Энэ жил Оскарын шагналд нэр дэвшсэн оросын кино найруулагч Сергей Бодровын “Монгол хүн” кино Орос улсын кино театрт амжилттай гарлаа. Саяхан “Монгол хүн” кино оросын кино академийн оны шилдэг киногоор шалгарсан юм. Тус кино “шилдэг тоглоомт кино”, “найруулагчийн шилдэг ажил”, “операторын шилдэг ажил”, “дууны найруулагчийн шилдэг ажил”, “зураачийн шилдэг ажил”, “шилдэг хувцас” гэсэн 6 төрөлд “Ника” шагнал хүртжээ. Тус кино 4-р сарын эхээр дэлхийн олон орны дэлгэцнээ гарсан юм. Парис хотын кино театрт анх удаа гарсан байна. Кино найруулагч Сергей Бодров америкаас, “Монгол хүн” кино амжилтанд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн киноны гол зураач Даши Намдаков Эрхүү хотоос Москвад тус тус хүрэлцэн ирэв. Даши Намдаков Улаан-Үдэд төрсөн. Тэрээр 2000 онд бие даасан анхны үзэсгэлэнгээ Эрхүү хотод гаргаж нэрд гарсан байна. Үзэсгэлэнд буриадын болон дорнын ард түмний үлгэр туульсийн баатруудын график ажил, баримал зэргийг дэлгэн үзүүлжээ. Даши Намдаков 2003 онд Оросын уран зургийн академийн мөнгөн медаль хүртсэн юм. Түүний бүтээл Санкт-Петербург хотын улсын Эрмитажийн агуулах, улсын дорно дахины музей, мөн дэлхийн олон орны музейд хадгалагдаж байгаа. ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хувийн цуглуулгад Намдаковын баримал бий. Даши Намдаков “Монгол хүн” киноны гол зураач болсон түүхийг найруулагч Сергей Бодров ийнхүү ярьж байна. “Монголчуудын тусаар бид Дашиг олсон. Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Л.Хангайн зөвлөснөөр монголын соелыг сайн мэддэг Даши Намдаковтай танилцсан. Даши урьд кинонд ажиллаж байгаагүй ч, гайхалтай авяастай хүн байсан. Тэрээр буриад гаралтай ч, өөрийгөө монгол хүн гэж хэлдэг”гэж С.Бодров хэллээ. “Монгол хүн” киноны ажил эхлэхийн өмнө Даши Намдаков зураг авалтын багийг төлөөлөн бөөд очсон юм. Даши бөөтэй уулзаснаа ийнхүү ярьж байна. “Биднийг кино хийхийг бөө зөвшөөрсөн. Хэрэв зөвшөөрөөгүй байсан бол бидний зорьсон хэрэг бүтэхгүй байсан. Бид ажлаа ийнхүү эхэлсэн нь зөв болсон. Олон хүн Чингис хааны тухай кино хийхийг оролдсон ч, бүтэгүй гэж бөө хэлсэн. Та бүхэн надад хандсан нь зөв боллоо гэсэн. Дараа нь ламд очсон. Хонь гаргаж чанаад, заншил есоор өргөл барьцаа бэлдээд буддын шашны сүмд очсон. Лам еслол хийсэн. Чингис хааны тухай кино хийхэд маш хүнд байсан. Хэрэв бөө, ламд очоогүй байсан бол бүр хэцүү байх байсан болов уу. Энэ хүмүүсийг хүндэтгэсний үндсэн дээр киногоо хийсэн. Их өвгийнх нь тухай, түүний хайр сэтгэлийн тухай киноны санааг монголчууд анх хүлээн зөвшөөрөөгүй юм. Киноны зураг авч дууссаны дараа Монгол Улсын ерөнхийлөгч бидэнтэй утсаар ярисан. Тэр бидэнтэй уулзахыг хүссэн юм. Бид түүнд киног үзүүлсэн. Тэр бүгдийг ойлгосон. Яриан дунд монголчуудын нэг нь “Монголын тал нутаг, өвс ногоо дутагдаж байна” гэж хэлсэн юм. Тэгэхэд ерөнхийлөгч, “Ямар юмных нь зүлэг ногоо байх вэ дээ? Хүүгийн эцэг нь өнгөрсөн байна. Мэдээж хэрэг шороо, библийн эхэнд гардаг шиг элс байх естой.” Ийнхүү хэлэхэд бид их баярласан. Чин сэтгэлээсээ хийсэн бүхэн эвлэж, бүтдэг гэдэгт бид итгэдэг”. Монгол Улсын кино театруудад “Монгол хүн” кино гарч байна. Энэ киног үзсэн хүмүүс бидэнд санал сэтгэгдлээ бичнэ гэж найдаж байна.
Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн вэб хуудаснаас бид саяхан нэгэн сонирхолтой мэдээ уншлаа. Монгол Улсын нийслэлд дэлхийд нэр нь түгсэн Ливерпүлийн дөвөл буюу “Битлз” хамтлагийнхны хөшөө босгох гэж байна. Энэ хамтлагийн шүтэн бишрэгч Монгол Улсын ерөнхий сайд С. Баяр энэ санааг дэмжжээ. Монголын хамтлаг дуучид 4-р сарын 26-нд хөшөө босгох хандивын концерт хийхээр зэхэж байна. Тэд “Битлз” хамтлагийн нэрд гарсан дуунуудыг дуулна. Тус хамтлагийн хамгийн алдартай дуунуудын нэг “Би чамд хайртай” дууг өнөөдөр нэвтрүүлгээрээ дамжуульяа.
Дархан-Уул аймгийн Дархан сумын оршин суугч Д.Тэрбиш зөвлөлтийн болон өнөөгийн улс төрийн гарамгай зүтгэлтнүүдийн талаар нэвтрүүлэг сонсохыг хүсчээ. Бид “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэгтээ “эрин зууны хөрөг” нэртэй хуудас нээхээр шийдлээ. Өнөөдөр бид Вячеслав Молотовын тухай өгүүлнэ. Өдгөө 70-80 нас шүргэж байгаа монголын ахмад үеийнхэн энэ нэрийг хэдэнтээ сонссон биз ээ.
Вячеслав Михайлович Молотов Александр III хааны үед төрж, 1986 онд Горбачевын үед нас эцэслэжээ. Молотов нас дээр гарсан ч, ухаан саруул, ой санамж нь сайн байсныг түүнтэй ойр байсан хүмүүс ярьдаг. Молотов ид залуу байхдаа 1930-аад оны сүүлээр зөвлөлт засгийн тэргүүн, ЗХУ-ын ардын комиссарын зөвлөлийн тэргүүн болжээ. Тэрээр их боловсролтой хүн байлаа. Ямартаа ч, Сатлины ойрын хүрээллийн хүмүүсээс хамгийн боловсролтой нь байв. Молотов олон жилийн турш зөвлөлтийн удирдагчтай жинхнээсээ санал нийлж байсан цорын ганц зөвлөгч нь юм. Сталин бусдыг гүйцэтгэгчид хэмээн үздэг байлаа. Сталин болон түүний ойрын хүрээллийнхэн олон асуудал хэлэлцэх үед Молотов зарим асуудлаар санал зөрж, мэтгэлцэж байсныг би харсан гэж маршал Жуков дурсжээ. Сталин дуугаа өндөрсгөж, уурсах үед Молотов инээмсэглээд, суудлаасаа босч, өөрийн байр суурьтаа баттай зогсдог байв. Молотовын зан чанараас нэр хүнд нь нэмэгдэж байсан гэж маршал Жуков дуртгалдаа бичжээ. Энэ хүн бол хүчтэй, зарчимч, ямар нэг хувийн санаа бодлоос хол, маш зөрүүд, хатуу ширүүн, ухамсартайгаар Сталины замаар явж, 1937-1938 оны хамгийн хатуу ширүүн үйлдэлд өөрийн байр сууринаас хазайж Сталиныг дэмжиж байв. Англиар ярьдаг өрнөдийн оронд бараг хүн бүр Молотовын нэрийг мэддэг. Өрнөдөд “Молотовын коктейл” гэж байдаг. “Молотовын коктейл” үг хэллэг бий болсон талаар янз бүрийн хувилбар байдаг. 1939 онд Молотов-Риббентропын пактад гарын үсэг зурсныг нь хэзээ нэг цагт мартсан ч, зөвлөлтийн ерөнхий сайд, гадаад хэргийн сайдын нэр дэлхий дахинаа дуурсгдсаар байна. Сталины эрины төгсгөлд тэрээр Засгийн газрын нэгдүгээр орлогч албан тушаалаасаа бууж, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга болоод, дараа нь гадаад хэргийн сайдын албан тушаалаасаа огцорчээ. Улс оронд 1949 онд семитийн эсрэг кампанит ажил өрнөх үеэр Молотовын эхнэр Полина Жемчужинаг баривчилжээ. Тэрээр еврей гаралтайгаа хэнээс ч нуудаггүй байв. Сталин өнгөрсний дараа Молотов “Лаврентий, Полинаг минь надад буцаа” гэж Берийд хандан хэлсэн тухай хууч яриа байдаг. Жемчужинаг тэр даруй сулласан байна. Гэсэн ч, Молотов, Жемчужина нар насан эцэслэх хүртлээ сталиныг тууштай дэмжсээр байсан юм. Сталины үйл хэргийг харлуулах Хрушевын шинэ бодлогыг Молотов эрс эсэргүүцэж байв. Молотов Засгийн эрхэнд гарах тэмцэлд ялагдаад, 1957 онд бүх дээд албан тушаалаасаа огцорч, Монгол Улсад элчин сайдаар томилогджээ. Европ, дэлхий дахины хувь заяаг шийдэхээр Гитлер, Черчилл, Рузвельттэй яриа хэлэлцээ хийж байсан хүн Улаанбаатарт ажиллана гэдэг амаргүй байсан нь ойлгомжтой. Сталины хэлмэгдүүлэлтэд оролцсон хэргээр Молотовыг 1962 онд намаас хөөжээ. Тэрээр насан эцэслэх хүртлээ Москва орчмын Жуковск дахь зуслангийн байшингаасаа бараг хаашаа ч явалгүй амьдарсан. Молотов 20 гаруй жил намын гишүүнчлэлээ сэргээхээр хөөцөлджээ. Харин Молотовт намын батлахыг нь буцааж олгоогүй аж.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ дуучин Наташа Королевагийн дуулсан “бяцхан ертөнц” дуугаар төгсгөе. Дорнод аймгийн Хэрлэн сумын ‘Цэцэгт’ сургуулийн 7-р ангийн сурагч Сүхбаатарын Батхүүгийн хүсэлтээр энэ дууг хүргэе.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>