Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр ОХУ-д албан ёсоор айлчлах үеэр хоёр орны хамтын ажиллагааны янз бүрийн чиглэлээр багц баримт бичигт гарын үсэг зурав. Тухайлбал атомын эрчим хүчний “Росатом” улсын корпораци, Монгол Улсын худалдаа аж үйлдвэрийн яам дагалдах ашигт малтмал, уран олборлож, боловсруулах, геологи хайгуулын салбарт олон улсын төсөл хэрэгжүүлэх талаар хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав. Оросын талаас “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенко, монголын талаас Худалдаа аж үйлдвэрийн сайд Х.Наранхүү нар баримт бичигт гарын үсэг зурав. Дээр дурдсан баримт бичигт гарын үсэг зурахын өмнө Монгол Улсын ерөнхий сайд С.Баяр Сергей Кириенкотой уулзахдаа “Орос, Монгол улс атомын салбарт томоохон хэмжээний жинтэй төсөл хэрэгжүүлэх цаг болжээ” хэмээн мэдэгдсэн юм. Энэ сэдэв бидний хувьд шинэ гэж хэлэх аргагүй юм. Сүүлийн 2-3 сар бид энэ асуудлыг засгийн газар, Үндэсний аюулгүйн зөвлөл зэрэг янз бүрийн түвшинд хэлэлцэж байна. Монгол Улс ураны орд газрыг эзэмших, бусад улстай хамтран атомыг энхийн зорилгоор ашиглах төрийн бодлогоо боловсруулахыг оролдож байна. Тиймээс хамгийн түрүүнд Орос улсад хандаж байна. Дагалдах ашигт малтмал, уран олборлож, боловсруулах, геологи хайгуулын салбарт олон улсын төсөл хэрэгжүүлэх талаар хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурсан баримт бичиг, мөн “Росатом”-д юун тухай ярьсан талаар манай тусгай сурвалжлагч Ольга Павлович “Росатом”-ын тэргүүн Сергей Кириенкогоос тодруулсан юм. «Монгол Улсад атомын эрчим хүчийг хөгжүүлэхэд цогц арга хэмжээ авах тухай төлөвлөгөөнд тусгасан. Юуны түрүүнд Монгол Улсын нутаг дэвсгэрт ураныг хайж, нөөцийг батлах хэрэгтэй. Зөвлөлтийн үед Монгол улсын ураны орд газрыг судлах талаар өргөн хүрээтэй ажил хийсэн. Одоо энэ мэдээллийг хоёр талд ашигтай байдлаар ашиглах цаг болсон. Ураныг олборлож, боловсруулах дэд бүтэц байгуулахад хамтран ажиллах шаардлагатай байна. Монгол улсын нутаг дэвсгэрт уран олборлож, анхан шатны боловсрлуулалт хийх ёстой, шаардлагатай гэж оросын тал үзэж байна. Зөвхөн олборлох төдийгүй боловсрлуулах объект барих нь чухал. Үүнийг хэрэгжүүлэхэд Монгол улсад үнлдэсний боловсон хүчин шаардлагатай. Геологи хайгуул судалгаа төдийгүй атомын эрчим хүчний салбарт боловсон хүчнийг бэлтгэхэд монгол оюутнуудыг хичээлийн шинэ жилээс эхлэн ОХУ-ын их дээд сургуульд элсүүлэхэд бэлэн байна».
Асуулт:Монгол Улсын нутаг дэвсгэрт атомын цахилгаан станц барих талаар тохиролцсон уу?
С.Кириенко: «Монгол улсад атомын цахилгаан станц барих техник-эдийн засгийн үндэслэлийг бэлтгэх боломжийн тухай бид одоохондоо зарчмын хувьд тохиролцсон. Орос улс жижиг, дунд хүчин чадалтай атомын цахилгаан станц барьдаг дэлхийн цорын ганц улс юм. Монгол Улсад яг ийм хэмжээтэй станц шаардлагатай. Бид одооноос техник-эдийн засгийн үндэслэлийг бэлтгэх ажлаа эхлүүлэх боломжтой. Одоо Монгол Улсын Засгийн газраас бүх зүйл шалтгаална».
Асуулт:Уран олборлож, боловсруулах Орос-монголын байгууллага ямар хэлбэртэй байх вэ?
С.Кириенко: «Бид байгууллагын эрхийн хэлбэрийг одоохондоо хэлэлцээгүй байна. Янз бүрийн хэлбэртэй байж болно. Магадгүй хамтарсан эсвэл өөр хэлбэртэй ч байж болно. Хамгийн гол нь харилцан ашигтай байх ёстой. Оросын тал Дорнодын сав газар уран олборлоход Монгол улстай хамтрах сонирхолтой байна. Хоёр орны сонирхолыг ажил хэргийн шинжтэй болгохын тулд бид байнгын ажиллагаатай хамтарсан ажлын хэсэг байгуулах байр суурьтай байна».

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>