Дэлхийн банк /ДБ/, Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/-ийн удирдлагууд “Дэлхийн санхүүгийн хямрал” сэдвээр Вашингтонд чуулж байна. ОУВС саяхан дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвийн тухай илтгэл нийтэллээ. Нефтийн үнэ 2008 оны гуравны нэгд өснө гэдэгт ОУВС итгэлтэй байна. Дэлхийн эдийн засгийн дундаж өсөлт энэ жил 4 хувьтай байна гэж илтгэлд таамаглажээ. Эдийн засаг ирэх жилээс зарим талаар сэргэх төлөвтэй байна. АНУ-ын эдийн засгийн байдлыг “эдийн засгийн өсөлтийн хурд аажим саарсан” гэж тодорхойлжээ. Европт эдийн засгийн өсөлтийн хурд 1,5 хувиас бага байх төлөвтэй. Энэ тоог үл харгалзан ОУВС банкны хүүг удаа дараа бууруулж буй америкийн мөнгөний бодлого боловсруулагчдын тактикийг дэмжиж байна. Энэ тактикийн дүнд дотоодод ажил хэрэг идэвхжих хэдий ч, долларын ханшийг бууруулна. Европын төв банк ийм бодлого хэрэгжүүлэхэд бэлэн байна. Европын банк хүүг буруулаад цааш явах зам байгаа бол АНУ-д хүүг буруулах бараг боломжгүй болсон гэж хөрөнгө оруулалтын төслийн хүрээлэнгийн захирал Леонид Барон үзэж байна. «АНУ банкны хүүг бууруулах нөөцгүй болсон төдийгүй ийм хүчтэй үйлчилдэг эмийг цаашид хэрэглэх аргагүй болсон. Европын төв банк ямар шийдвэр гаргахыг европын бүсийнхэн тэсч ядан хүлээж байна. Европын төв банк хүүг бууруулах илүү их нөөцтэй. Хүү 4 хувьтай байгаа. Хөгжингүй эдийн засагт энэ хангалттай өндөр тоо. Улс орондоо ажил хэргийн идэвхийг дээшлүүлэх бол тэдэнд хүү бууруулах нөөц бий» гэж Л.Барон хэллээ. Энэтхэг, Хятад, Орос зэрэг орны эдийн засаг хурдтай өсч байгаа учраас ОУВС дэлхийг хамарсан эдийн засгийн өсөлт гарсан гэж таамаглаж байна. ОУВС-ийн таамагласнаар энэ жил Орос улсын инфляц 11,5 хувьтай байна. Инфляцийн энэ өсөлт эдийн засгийн өсөлтөд нөөлөхгүй, гэхдээ төр засгаас нийгмийн салбарт илрэх нөлөөг анхаарах хэрэгтэй гэж Леонид Барон үзэж байна. «Харин Орос улс, ТУХН-ийн орнуудын хувьд инфляц Европын орнуудаас өндөр байгаа нь гарцаагүй. Гэхдээ Орос улсад инфляц тулгамдсан асуудал байна гэж хэлж бас болохгүй. Инфляц 8-9 бүр 12 хувьтай байсан ч, эдийн засгийн өсөлтөд ноцтой хор хохирол учруулахгүй. Хамгийн гол нь амьжиргааны түвшин дор амьдралтай иргэдийн орлогыг индексжүүлэх шаардлагатай» гэж Л.Барон тэмдэглэлээ. Дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүн, түлш, түүхий эдийн үнэ зэрэг өссөн нь инфляц өнөө үед дэлхийг хамарсан асуудал болоод байна. Эдийн засгийн үндэслэлтэй шинэ түвшинд үнэ тогтоохгүй бол бараа таваарын бирж дээр үнэ өссөн хэвээр байх төлөвтэй. Энэ бүхэн хэр удаан үргэлжлэхийг урьдаас хэлэх аргагүй. Дэлхийн мөнгөний бодлого боловсруулагчид үндэсний эдийн засагт нөлөөлж байгаа дэлхийг хамарсан инфляцийн дарамтад дасахаас өөр аргагүй болж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>