Орос улс агаар мандалд цацагдаж байгаа хүлэмжийн хийг хязгаарлах бүх талыг хамарсан журам боловсруулахыг санаачлав. Таиландын нийслэл Бангкокт дэлхийн цаг уурын өөрчлөлтийн асуудлыг 163 орны мэргэжилтэн хэлэлцэх үеэр тэрээр ийнхүү мэдэгджээ. НҮБ-ын ажлын хэсгийн хүрээнд энэ уулзалт болов. 1997 онд баталсан Киотогийн протоклыг хэрэгжүүлэх талаар Бангкокт хэлэлцлээ.Цаг уурын эрс өөрчлөлтөөс сэргийлэх дэлхийн экологийн хэлэлцээр байгуулахад уулзалтын гол зорилго оршиж байв. Энэ баримт бичгээр хөгжингүй орнуудын агаарт цацаж буй хүлэмжийн хийд хязгаар тогтоодог байна. Энэ протокол зах зээлийн шинжтэй учраас хүлэмжийн хийн хязгаараа худалдах боломжтой. Энэ баримт бичиг дэлхийн дулааралттай тэмцэх бус, дэлхийн аж үйлдвэрийн аварга загаснуудын хяналтаас гарсан үйл ажиллагааг хуульчлахад чиглэсэн гэж хөгжиж байгаа зарим орон үзэж байна. Агаар мандалд хүлэмжийн хий цацаж байгаа бүх оронд ижил хариуцлага ногдуулахыг Орос улс санал болгожээ. Нэг талаас хөгжингүй орнууд хүрээлэн буй орчныг бохирдуулсан хариуцлагын өөрт ногдох хувийг үүрч байна. Нөгөө талаас эдийн засаг нь эрчимтэй өсч байгаа хөгжиж байгаа орнууд агаар мандалд их хэмжээний хүлэмжийн хий цацдаг орнууд болж байна. Харин Киотогийн протоколд зааснаар эдгээр орон дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Орос улсын гаргасан энэ саналыг зарим шинжээч киотогийн протоколыг эргэж харах уриалга гэж үзэж байна. Глобалчлалын асуудал эрхэлсэн хүрээлэнгийн дарга Михаил Делягин үүнтэй санал нийлэхгүй байна. «Орос улсын энэ санаачилга тус улс гарын үсэг зурж, батлаад, сайн дураараа биелүүлж байгаа Киотогийн протоколыг өөрчлөх гэсэн оролдлого биш юм. Харин эсрэгээр протоколыг улам өргөжүүлж, дэлхийг цаг уурын өөрчлөлтөөс хамгаалах дараагийн алхам юм. Энэ нь илүү зөв тодорхойлолт юм. Учир нь дэлхийн дулааралтын улмаас дэлхийн бөмбөрцөгийн нэг хэсэгт дулаарч, нөгөө хэсэгт хүйтэрч байна. Зөвхөн хөгжингүй орнууд төдийгүй Европ, АНУ, Киотогийн протоколын албан ёсны санааг дэмжихгүй байгаа Хятад улсын удирдлагын түвшинд байгаль, экологид онцгой анхаарал хандуулж, агаар мандалд цацаж байгаа хүлэмжийн хийн хязгаарлалтыг төрийн бүх бодлогын стратегийн гол зорилт болгон хувиргаж байна» гэж М.Делягин хэллээ.НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун саяхан дэлхийн дулааралтын асуудлыг дайны аюул заналтай харьцуулж, экологийн удирдлагын олон улсын системийг нийцүүлж, экологийн технологид хөрөнгө оруулахыг уриалав. Орос улсын гаргасан санал энэ голдрилд байгаа бөгөөд цаг уурын өөрчлөлтийн эсрэг ил тод тэмцэхэд чиглэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>