Сүүлийн өдрүүдэд болсон үйл явдал энэ бүхнийг гэрчилж байна. Америкийн цэргийн дэмжлэг бүхий иракийн арми, “Махдийн армийн” шиит зэвсэгт хүчний хооронд өнгөрсөн долоо хоногийн төгсгөлд хүчтэй мөргөлдөөн боллоо. Мөргөлдөөний үеэр дор хаяж 25 хүн үрэгдэж, 100 гаруй хүн шархаджээ. Америкчүүд ч нэлээд хохирсон байна. Иракийн нийслэл дахь “Ногоон бүст”, мөн Рустамин цэргийн баазад ням гаригт болсон буудалцааны уршгаар 3 хүн үрэгдэж, 30 гаруй цэрэг шархаджээ. Иракийн өмнөд хэсгийн Басра хотод ширүүн тулаан болж, хэдэн зуун хүн үрэгдсэн байна.“Махдийн Армийн” удирдагч имам Муктада ас-Садр гадаадын эзлэн түрэмгийллийн эсрэг жагсаал цуглаан зохион явуулахыг дэмжигчиддээ уриалжээ. Америкийн цэргүүд Багдадыг эзэлсний 5 жилийн ойн өдөр буюу 4-р сарын 9-нд болох жагсаал цуглаанд сая орчим хүн оролцох аж. Иракийн энгийн иргэдийг аймшигтайгаар хөнөөж байгаа эзлэн түрэмгийлэгч хүчний эсрэг дуу хоолойгоо өргөх цаг болсон гэж ас-Садрын мэдэгдэлд дурдсан байна. Иракт сүүлд болсон үйл явдлаас америкийн тагнуулын газрын Конгресст танилцуулсан ээлжит илтгэлийн дүнд эргэлзэхэд хүргэж байна. Персийн хоолойн орчмын нутагт аюулгүй байдлыг хангах үйл явц сүүлийн 9 сард “нэлээд сайжирсан” гэж энэ илтгэлийг болосвруулсан хүмүүс баталж байна. Ирак дахь америкийн цэргийн командлагч, генерал Дэвид Петрэус, Багдадад суугаа АНУ-ын элчин сайд Райан Крокер нар Капитолын толгодод үг хэлэхийн өмнөхөн дээрх илтгэлийг хууль тогтоогчдод танилцуулжээ. Тэд Ирак дахь америкийн цэргийн тоог бууруулах талаар байр сууриа илэрхийлнэ. Тус улсад алба хааж байгаа америк цэргийн тоог өнгөрсөн жил 30 мянган хүнээр нэмсэн тул цэргийн тоог багасгах тухай ярих нь одоохондоо харьцангуй юм. Иракт америк цэргийг байлгах нь зүйд нийцэх эсэх тухай асуудал хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд байгаа гэж улс төр судлаач Виталий Наумкин ярьж байна. «Иракт цэргээ байлгах, эсвэл тус улсаас гаргах гэсэн хүнд асуудалтай америкчүүд тулгараад байна. Хэрэв тус улсад цэргээ үлдээхээр бол хэрхэн үлдээх вэ? Одоо байгаа чигээр нь үлдээх, цэргүүдээ баазад байрлуулж, босогчидтой ямар нэг мөргөлдөөнд оролцохоос зайлсхийх, эсвэл энэ бүх үүргийг иракчүүдэд шилжүүлэх. Хэрэв цэргээ гаргахаар бол хэзээ хэрхэн гаргах вэ?» гэж В.Наумкин хэллээ. Америкийн шинэ засаг захиргаа энэ бүх асуудлыг шийднэ. Одоогийн засаг захиргаа үүнийг шийдэж хүчрэхгүй нь тодорхой байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>