“Монголын анд нөхдийн оросын нийгэмлэг” хагас зуун жилийнхээ ойг тэмдэглэхээр бэлтгэж байна. Ойн өдрийн өмнө олон нийтийн тус байгууллага интернетэд вэб хуудсаа нээлээ. Тус нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга Владимир Бабушкиныг бид нэвтрүүлэгтээ урьж, вэб хуудсын тухай ярихыг хүссэн юм.
«Эрхэм монгол анд нөхдөө, Монголын анд нөхдийн нийгэмлэг энэ оны 3-р сарын 1-нд интернетэд өөрийн вэб хуудсаа нээлээ. Манай нийгэмлэийн хагас зуун жилийн ойн өмнөхөн энэ чухал үйл явадал боллоо. Та бүхэн www.ORMD.ru хаягаар манай вэб хуудаст зочилж болно. Вэб хуудастаа Нийгэмлэгийнхээ талаар аль болох дэлгэрэнгүй мэдээлэхийг хичээсэн. Нүүр хуудаст нийгэмлэгийн түүхийн тухай нийтлэл тавьсан байгаа. Хоёр орны ард түмний найрамдалыг бэхжүүлж, хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн манай нийгэмлэгийг 1975, 1983 онд Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасныг мэдэж болно. Монголын анд нөхдийн нийгэмлэгийг 1958 онд байгуулагсан үеээс өнөө хүртэл тэргүүлж байгаа удирдах хүмүүсийн тухай мэдээллийг вэб хуудсанд тавьсан. Манай олон нийтийн байгууллагын өнөөгийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилтын тухай мөн өгүүлсэн. Вэб хуудаст манай нийгэмлэгтэй олон жилийн турш үр бүтээлтэй хамтран ажиллаж байгаа монголын түнш байгууллагын талаарх мэдээллийг мөн тавьсан. Нийгэмлэгийн удирдах бүрэлдэхүүн, дүрмийг нийтэлсэн баримт, мэдээлэл бүхий тусгай хэсэг вэб хуудаст байгаа. Вэб хуудаст байрлах анкетыг татаж авч, бөглөөд манай нийгэмлэгийн гишүүн болох боломжтой. Нийгэмлэгийн шинэ дүрмээр гишүүд одооноос татвар төлж байгаа. Тухайлбал ажил эрхэлж байгаа хүмүүс жилд 1000 рубль, оюутнууд 300 рубль төлөх юм. Гишүүд гэрэл зураг бүхий тодорхой загвар бүхий үнэмлэх авна. Миний бодлоор вэб хуудсын гэрэл зургийн хэсэг хамгийн сонирхолтой нь гэж В.Бабушкин ярьж байна. 2007 оны 11-р сард болсон Нийгэмлэгийн тайлант сонгуулийн 4 дэх бага хурлал, нийгэмлэгийн төлөөлөгчид Монголд айлчилсан, мөн удирдах олон гишүүний зургийг энэ хэсэгт байрлуулсан. Бид сайтаа үргэлжлүүлэн сайжруулж, шинэ материалаар баяжуулахаар бэлтгэж байна. Монгол орон тухайлбал газар зүйн байршил, цаг уур, ургамал, амьтны ертөнц, хүн амын тухай өгүүлэх тусгай хуудас вэб сайтад бий. Вэб хуудсаа техникийн хувьд ч гэсэн сайжруулах бодолтой байна. Монголын анд нөхдийн нийгэмлэгийн залуу гишүүн Максим Тихонов манай вэб хуудсыг хийснийг хэлэхэд таатай байна. Монголд ч ялгаагүй манай вэб хуудсыг их сонирхож, та бүхэн байнга зочилно гэдэгт найдаж байна. Төгсгөлд нь энэ боломжийг ашиглаад, удахгүй болох Сансрын нисэгчдийн баярын өдрийг тохиолдуулан монголын сансрын нисэгч анд нөхөддөө тухайлбал Жуковскийн нэрэмжит цэрэг-агаарын академид хамт сурч байсан, мөн 35 жилийн турш нөхөрлөж буй генерал Ж.Гүррагчаа, хурандаа Ганзориг, хурандаа Сүрэнхорлоо, Сайнцог нарт баярын мэнд дэвшүүлье».

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>