2011 онд дэлхийд интернетийн жинхэнэ түгжрэл болно гэж америкийн шинжээчид анхааруулж байна. Интернет хэрэглэгчдийн тоо нэмэгдсэний улмаас холбооны сувгууд ачааллаа дийлэхгүй аж. “Немерц Ресерч” компанийн таамагласнаар хэдэн жилийн дараа Интернетэд “түгжрэл” болох гэнэ. Үүнийг автомашины түгжрэлтэй маш оновчтой харьцуулжээ. Томоохон хотуудын замын нэвтрүүлэх боломж машины өсөлтийг гүйцэхгүй байна. Харин мэдээлэл нэвтрүүлэх чадвараас илүү хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаагаас интернетэд түгжээ үүсч магадгүй байна. Интернет дахь материалын агуулга ихсэж, улам их зай эзэлж байгаа нь үнэн. Урьд сүлжээнд үндсэндээ текст бүхий график вэб хуудас байрлаж байсан бол одоо дэлхийг хамарсан энэ сүлжээнд телевизийн олон суваг үзэж, радио сонсож, кино, хөгжим татаж авч, телефон утсаар ярьж, дүрс бичлэгийн бага хурал хүртэл зохион байгуулж болно. Компьютерийн өмнө олон цагаар сууж, интернетгүй бол амьдралаа төсөөлөх аргагүй бүхэл бүтэн үе өсч байна. Гэхдээ байдлыг улам дордуулах хэрэггүй гэж оросын шинжээч үзэж байна. Хотын гол шугамтай цааш үргэлжлүүлэн харьцуулбал, хэрэглэгчид оргил цагт интернетийн мэдээлэл нээгдэхгүй удах зэрэг бэрхшээлтэй тулгарна. Хамгийн гол нь том хотуудад үүсдэг автомашины шамбааралдсан цуваа шиг интернетэд мэдээллийн “түгжрэл” үүсэхээс сэргийлж, холбооны сувгийг цаг алдалгүй шинэчлэх хэрэгтэй гэж оросын тэргүүлэх хостинг-провайдер компанийн арилжааны хэлтсийн захирал Александр Овчинников мэдэгдлээ. «Бид байдлыг дордуулах бодолгүй байна. Мэдээллийн агуулга нэмэгдэхээс илүү технологи маш хурдтай өсч байна. Бид өөрийн компанийн жишээнээс үүнийг харж байна. Оросын мэдээллийн эх үүсвэрээр бий болж байгаа зам гарцаагүй хурдтай өсч байна. Технологи ч мөн байрандаа зогсоод байсангүй. Хайлтын систем, хостинг компаниудын хэрэглэгчдийн олон эх үүсвэрийг сервер дээр нь хадгалдаг теле харилцаа холбооны тоног төхөөрөмөж байрладаг тусгай барилгын мэдээллийн төвтэй хуваарилалтын шинэ систем барих шаардлагатай. Одоо байгаа холбооны сувгийг бэхэлж, шинэ гол шугамыг тавих хэрэгтэй» гэж А.Овчинников хэллээ. Рунет оросын интернетийн сегмент бат бэх нөөцтэй гэж мэргэжилтнүүд ярьж байна. Зугаа цэнгээний аудио болон видео бичлэг эрс нэмэгдсэний улмаас интернетийн хэрэглээ жилд 100 хувиар өсөх таамаглал байна. Хүн бүр өдөрт 8 цаг интернет сүлжээ ашиглаж, дээд зэргийн чанартай дүрс бичлэг үзэхгүй нь ойлгомжтой гэж Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургуулийн хэвлэл мэдээллийн соёл, харилцаа холбооны удирдагч Иван Засурский ярьж байна. Тэр хэлэхдээ: «Орос улсын байдалд түгших шаардлагагүй. Хил дээр нэмж нөөц холболт хийх нь чухал. Тодорхой хугацаанд Орос улсын нутгаар Хятад, Энэтхэг хүртэл зам тавина. Александрийн боомтод хөлөг онгоцны зангуу кабель утас эвдсэн тохиолдлыг давтахгүйн тулд дэлхийг хамарсан системд хамгийн их нөөц харилцаа холбоог үүсгэх хэрэгтэй. Үүний улмаас Энэтхэгт нэг хоног интернет тасарсан». “Немерц Ресерч” компанийн шинжээчид интернет сүлжээтэй холбоотойгоор нэг бус удаа ийм таамаглал дэвшүүлж байна. Урьд 2010 онд “түгжрэл” болно гэж байсан бол одоо 2011 он болжээ. Зарим мэргэжилтнүүд энэ удаагийн түгшүүрийг мянган солигдох мөчид “2000 онтой холбоотой бэрхшээлтэй асуудал” үүснэ хэмээн компьютерийн ертөнцийг айлгаж байсантай дүйцүүлж байна. 2000 он ч гарсан бэрхшээлтэй асуудал тулгараагүй. Интернет хэрэглэгчдийн тоо нэмэгдэх нь гарцаагүй. Ийм тохиолдолд интернет сүлжээний зах зээл өсөн нэмэгдэж байгаа эрэлтэд дасан зохицох чадвартай байх ёстой.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>