Foto http://www.iwf.ruМосква хотод 3-р сарын сүүлээр “Аялал жуулчлал” олон улсын 15 дахь удаагийн үзэсгэлэн гарлаа. Үзэсгэлэнд 118 орны 3 мянга гаруй компани оролцов. Энэ үзэсгэлэнд Монгол улс анх удаа оролцлоо. Манай сурвалжлагч Монгол Улсын аялал жуулчлалын компанийн холбооны гишүүн “В мире фантазий” аялал жуулчлалын корпорацийн захирал Марина Саушкинатай уулзжээ. Тэрээр ярихдаа: «Москвад саяхан болж өнгөрсөн үзэсгэлэн нь ижил төстэй томоохон үзэсгэлэнгийн нэг юм. Монгол Улсын Зам тээвэр, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн газрын захирал Ендонгомбо тэргүүтэй монголын аялал жуулчлалын компанийн төлөөлөгчид үзэсгэлэнд оролцож хүмүүсийн анхаарлыг их татлаа. Үзэсгэлэнд ирсэн хүмүүс танилцуулах сэтгүүл материал авч, монголын аялал жуулчлалын компаниудын санал болгож буй маршрутыг сонирхолоо. “Мир фантазий” компани Монгол Улсад жуулчид их илгээдэг. Бүхнээс тасарч, асар их эрч хүч авах цөөн орны нэг нь Монгол гэж бид боддог”.
Асуулт:Оросын ямар жуулчид Монголд аялахыг сонирхож байна вэ?
М.Саушкина:”Монголд шинийг эрэлхийлсэн хүмүүс очдог. Тэд дэлхийг бараг тойрчихсон, Турк, Египетэд амрахаас залхасан хүмүүс байгаа гэж хэлж болно. Гайхалтай орон, шинэ ер бусын маршрут тэдний сонирхолыг татаж байна. Монгол бол тэдний хайж байгаа орон. Оросын жуулчид багагүй мөнгө зарахад бэлэн ч, үнэдээ нийцсэн үйлчилгээ хүртэхийг шаарддаг. Орос хүмүүс сайн үйлчилгээг өндөр үнэлдэг. Тэгэхлээр өнөөгийн байдлаар сайн үйлчилгээнд дадсан, дундаас дээш орлоготой хүмүүс Монголд очиж байна. Монголын аялал жуулчдын компаниуд Оросын жуулчдын шаардлагыг хангаж байгаа гэж үзэж байна. Тиймээс манай хамтын ажиллагаа хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Сибирийн бүс нутгийнхан Монголын аялал жуулчлалын салбарыг сонирхож эхлээд байна. Харин “В мире фантазий” компани 2009 онд “Аялал жуулчлал” үзэсгэлэнд Монгол улсыг дахин таницлуулна. Бид Монголын ажил нэгт нөхөдтэйгээ үзэсгэлэнд оролцогчдын анхаарлыг гарцаагүй татах том гоёмсог гэр, Монгол Улсыг бүх талаар харуулахын тулд гоё хувцастай ардын урлагийнхныг урихаар тохиролцсон».
Асуулт: “В мире фантазий” корпораци монголын аялал жуулчлалын компаниудыг оросын зах зээлд гарахад нь тусалж байгаа. Монголын аялал жуулчлалын компаниудтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?»
М.Саушкина: “В мире фантазий” компани 4 жил Монгол улсын зах зээлд ажиллаж байна. Оросын аялал жуулчлалын зах зээлд Монгол улсыг танилцуулахад ОХУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яам их тусалж байгаа. “В мире фантазий” корпораци Монголын аялал жуулчлалын холбооны гишүүн бөгөөд Монгол Улсад аялах талаар таницлуулж, гэрэл зургийг үзэсгэлэн, дугуй ширээний уулзалт зэргийг зохион байгуулж байна. Москва хотод 5-р сард Гостиный двор үзэсгэлэнгийн танхимд бас нэг том үзэсгэлэн гарна. Манай коомпани үзэсгэлэнд Монгол Улсын элчин сайдын яамтай хамтран оролцож, Монгол улсыг танилцуулна. Манай компани Христосын авралын сүм, сэтгүүлчдийн байр, Гостиный двор зэрэг газар Монгол улсыг мөн танилцуулсан. Монголын аялал жуулчлалын компаниуд оросын аялал жуулчлалын зах зээлд гарах цаг нь болсон. Оросын аялал жуулчлалын зах зээлд Монгол улс цоо шинэ орны нэг юм. Монголд ирэх оросын жуулчдын тоо жил ирэх тусам нэмэгдэж, тэд энэ сайхан орныг зохих ёсоор үнэлнэ гэж найдаж байна».

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>