Хятад, АНУ хүрээлэн буй орчныг хамгаалахад хамтын ажиллагаагаа хөгжүүлэх сонирхолтой байна. Бээжинд болж буй байгал хамгаалах шинжлэх ухаан, технологийн асуудлаарх хятад-америкийн форумд оролцогчид үүнд итгэлтэй байна. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисовын тайлбарыг хүргэе. Хятад, АНУ дэлхийд их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг улс учраас байгаль экологийн салбарт хамтран ажиллах зайлшгүй шаардлага гарч байна. Хоёр тал хүрээлэн буй орчныг хамгаалах 10 жилийн төлөвөлгөө боловсруулахаар өнгөрсөн 12-р сард тохиролцсоны дүнд Бээжинд энэ форумыг анх удаа зохион байгуулж байна. АНУ-ын хүрээлэн буй орчныг хамгаалах агентлагийн төлөөлөгч Жорж Грей “Чайна дэйли” сонинд өгсөн ярилцлагадаа, америкийн тал байгаль орчныг хамгаалах бүх асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаа гэжээ. “Бид хоёр орны мэргэжилтнүүдийн оролцоотойгоор эрдэм шинжилгээний хамтарсан төсөл санаачилж, эрдэмтдээ идэвхтэй солилцох бодолтой байна” гэж тэрээр тэмдэглэсэн байна. Бээжин юуны түрүүнд хог хаягдалгүй үйлдвэрлэл эрхлэх, ундны усны аюулгүй байдлыг хангах, сувгийн болон аж үйлдвэрийн ус ашиглах, бохирдсон усыг цэвэрлэх сонирхолтой байгаа нь хятадын мэргэжилтнүүдийн форумын үеэр тавьсан илтгэлээс тодорхой байна. Хятадын тал тохиолдлоор энэ чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаа юм биш. Албан ёсны статистик мэдээгээр Хятадын хөдөө орон нутгийн 300 сая орчим оршин суугч ундны цэвэр усаар гачигдаж байна. Аж үйлдвэр хөгжиж байсан зуунд хөгжингүй орнуудад тодорхой хугацаанд тулгарсан экологийн тэр бүх бэрхшээлтэй асуудал одоо Хятад улсад нүүрлээд байна. Нөөц хүрэлцэхгүй байх, экологийн тэнцвэрт байдал алдагдах, хүрээлэн буй орчны нөхөн сэргээгдэх чадвар сулрах зэрэг нь эрчимтэй хөгжиж буй Хятад улсын тулгамдсан асуудал болоод байна. Бээжинд Олимпийн наадмыг зохион байгуулахтай холбоотойгоор тус хотын агаар муу байгаа талаар багагүй шүүмжилж байсан. Хятадын хотуудад экологийн байдал сайнгүй байж болох юм. Гэхдээ өрнөдийн олон компани үйлдвэрээ БНХАУ-д байгуулж, улс орноо экологийн бэрхшээлтэй асуудлаас ангижируулж, Хятадын хүрээлэн буй орчныг улам их бохирдуулж байгаа хэрэг биш үү. Хятадыг байнга шүүмжилж, эсэргүүцлийн арга хэмжээ явуулах бус хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт боловсон хүчин, технологи, туршлага солилцож, үр бүтээлтэй хамтран ажилласнаар манай нэг гэр байгаль орчны байдал сайжирна. Хятад улс хөгжил, мөн хүрээлэн буй орчныг хамгаалах ашиг сонирхлын тэнцвэрийг хангахад дотоод эх үүсвэрээ ашиглахад бэлэн төдийгүй олон улсын хэмжээнд өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байна. Тухайлбал Орос, Хятад улс экологийн салбарт амжилттай хамтран ажиллаж, Хятад улс Европын Холбоотой экологийн асуудлаар идэвхтэй яриа хэлэлцээ хийж байна. 21-р зууын экологийн чухал уриалгын нэгд хамтын хүчээр хариу өгнө.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>