Эвслийн хүчин 2003 оны 3-р сард Иракт цөмрөн орсноос хойш таван жил үргэлжилсэн байлдааны ажиллагааны улмаас тус улсын 3 сая гаруй хүн орон гэрээ орхижээ. НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын удирдах газар, цагаачлалын асуудал эрхэлсэн олон улсын байгууллагатай хамтран гаргасан тусгай илтгэлд энэ тоо баримтыг дурджээ. Нарийвчилсан тоо баримтаас үзэхэд 2007 оны төгсгөлд Иракаас гарцаагүй нүүсэн иргэдийн тоо урьд тооцож байснаас 300 мянгаар илүү байна гэж НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын удирдах газрын албан ёсны төлөөлөгч мэдэгдэв. Сүүлийн саруудад дүрвэгчдийн урсгал нэлээд буурсан гэж тэр тэмдэглэллээ. Нутагт нь өөр шашны хүмүүс зонхилон суугаа тохиолдолд цөөн өрх төрсөн нутагтаа буцаж байна. Стратегийн үнэлгээ, шинжилгээний хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденког Иракт үргэлжилж байгаа хүмүүнлэгийн хямралын шалтгааныг задлан шинжлэхийг хүссэн юм. Тэр хэлэхдээ: «Энэ үйл явдал болохоос өмнө Иракт аль эрт хүмүүнлэгийн хямрал эхэлсэн. Иран-иракийн дайн эхлэхээс өмнө бараг 1980-аад онд эхэлсэн байх. Иракийн ард түмэн бараг энэ үеээс эхлэн ядарч туйлдсан. Энэ байдал жил өнгөрөх тусам улам дордсон. Иракийг чөлөөлх америкийн байлдааны ажиллагааны дүнд тэнд болж байгаа бүхэн ил тод болсон юм. Сүүлийн үед Иракийн хүмүүнлэгийн салбар туйлдаа хүрээд байна. Учир нь энд хүмүүнлэгийн асуудлыг хоёрдугаарт тавьж, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалахад түлхүү анхаарсан. Тиймээс Иракийн хүмүүнлэгийн салбарт ноцтой аюул тулгараад байна. Учир нь тэнд халдварт өвчин тархаж, эрчим хүчний эх үүсвэр, хүнсний хангамж муудсан. Иракт болж байгаа бүхнээс олон хүн дүрвэж байна» гэлээ.НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын удирдах газар иракийн дүрвэгсдийн байдал хөөрхийлэлтэй хэвээр байна гэж дүгнэжээ. Энэ улсад сая гаруй хүн орох оронгүй, хоол хүнсээр гачигдаж, 300 мянга гаруй хүн ундны ус ч үгүй байна гэж НҮБ-ын дүрвэгчдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын удирдах газрын албан ёсны төлөөлөгч Пагонис хэллээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>