Foto http://pressa.irk.ruОХУ-ын Төрийн Думын “Нэгдсэн Орос улс намын” төлөөлөгчид саяхан Монгол Улсад айлчилсан юм. “Нэгдсэн Орос улс” намын төлөөлөгчид Улаанбаатарт айлчлахдаа МАХН-ын ажил нэгт нөхөдтэй нам хоорондын хамтын ажиллагааны хэлбэрийг хэлэлцжээ. Хоёр намын залуучуудын байгууллагын шугамаар харилцан ажиллахад онцгой анхаарал хандууллаа. “Залуу гварди” залуучуудын хөдөлгөөний төлөөлөгч, “Нэгдсэн Орос улс” намын залуучуудын бодлогын асуудал эрхэлсэн ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн комиссийн орлогч дарга Татьяна Воронова манай сурвалжлагчид ийнхүү ярьжээ. Тэрээр ОХУ-ын Төрийн Думын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан юм.
Т.Воронова: «Би Эрхүү мужаас Төрийн Думын гишүүн болсон. Орос улсын энэ бүс нутаг Монгол улстай нэлээд сайн харилцаатай. Тухайлбал “Залуу гварди” залуучуудын хөдөлгөөн “Нэгдсэн Орос улс” намын шугамаар дотно харилцаа тогтоосон. Монголын залуучуудын байгууллагатай хамтран төлөөлөгчдийг солилцох, уулзалт, тэмцээн уралдаан, наадам зохион байгуулах зэрэг хамтарсан төсөл хэрэгжүүлсэн. Манай төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчлахдаа энэ харилцааг нам хоорондын болон улсын төвшинд хөгжүүлэх талаар хэлэлцсэн. Монгол улсын удирдлага, МАХН-ын төлөөлөгчид энэ асуудлыг асар их сонирхож байгааг тэмдэглэмээр байна. Тэд бидний адил хоёр орны залуучуудын байгууллагын харилцааг хөгжүүлэхийг чухал хэмээн үзэж байна. Залуучуудтай ажиллах арга хэлбэрийн хувьд намууд хамтран ажиллана. Залуучууд өнөө үе төдийгүй манай ирээдүй гэдгийг бид ойлгож байна».
Асуулт: Залуучуудтай ажиллах хэлбэрийн тухайд айлчлалын үеэр тодорхой тохиролцоонд хүрч чадсан уу?
Т.Воронова: «Айлчлалын үеэр “Нэгдсэн Орос улс” нам МАХН-ын бүс нутгийн салбарын хэмжээнд шууд харилцан ажиллах талаар тохиролцсон. МАХН-ын аймгийн идэвхтэн гишүүд ОХУ-ын сонгуулийн байгууллагын туршлагатай танилцахаар 4-р сарын сүүлээр сибирийн хэд хэдэн бүс нутагт очино. МАХН-ын оюутан, залуучуудын байгууллагын төлөөлөгчдийг энэ бүрэлдэхүүнд багтаахыг бид санал болгосон. Монголын ажил нэгт нөхөд энэ саналыг их сонирхон хүлээн авсан. Сонгуулийн талаар бидний хийсэн шилдэг ажил, “Залуу гварди”, “Нэгдсэн Орос улс” намын штабын ажил, тэдний улс төрийн тэмцлийн туршлагатай залуучууд газар дээр нь танилцах боломжтой. МАХН-ын залуу идэвхтнүүд Монгол Улсад удахгүй болох УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажилд идэвхийлэн оролцож байна. Бид намын бүх шатанд депутатуудын жагсаалтад залуу нэр дэвшигчдийн квотыг 20 хувиар тогтоох “Нэгдсэн Орос улс” намын туршлагыг МАХН-ын ажил нэгт нөхөдтэй хэлэлцсэн. Энэ нь улс төрийн буурьтай сургуулиар явчихсан мэргэжлийн залуу хүмүүс, залуучуудын байгууллагын удирдагчдыг төр засагт татан оролцуулах тодорхой арга юм. Улаанбаатар хотод залуучуудын бодлогын талаарх бүх яриа хэлэлцээнд МАХН-ын залуучуудын байгууллагын төлөөлөгчид оролцсон.
Асуулт: Удахгүй болох УИХ-ын сонгуульд МАХН ялалт байгуулахад монголын залуучууд ямар үүрэг гүйцэтгэх боломжтой гэж та үзэж байна вэ?
Т.Воронова: «Залуучууд улс төрд улам идэвхтэй оролцож буй дэлхийн хандлага байна. Монголын залуучууд ч ялгаагүй улс төрд идэвхтэй оролцож байна. МАХН залуучуудын байгууллагын гишүүдээ хэр өргөн хүрээнд татаж, эдгээр байгууллагын удирдагчдад ажиллах талбар хэр хангаж өгөхөөс хамаарна. “Нэгдсэн Орос улс” нам Төрийн Думын сонгуульд үүнийг маш амжилттай хэрэгжүүлсэн. Үр дүн тодорхой. Оросын залуучууд сонгуульд нэлээд идэвхтэй оролцох болсон. Улс оронд болж байгаа нийгэм-эдийн засгийн чухал үйл явцад залуу депутатууд оролцож байна. Тэд хариуцлагаа үүрээд, урагш давшиж байна. Миний бодлоор монголын залуучууд, бидний уулзсан удирдагчид мөн ийм байр суурьтай байгаа мэт санагдсан. Энэ талаар МАХН-ын удирдлагын байр суурь надад мөн таалагдсан. Тиймээс МАХН-ын залуучуудын байгууллагын төлөөлөгчид удахгүй болох сонгуульд амжилттай оролцож, намаа ялалт байгуулахад тодорхой үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна».

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>