Орос улсын атомын технологи дэлхийд өрсөлдөх чадвартай. Ижил мөрний эрэг дээрх Доод Новгородод болж байгаа атомын машины анхны үзэсгэлэнгийн үеэр “Росатом” улсын корпорацийн тэргүүн Сергей Кириенко ийнхүү мэдэгдлээ. Атомын цахилгаан станцад ашиглах Орос улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, түүхий эдийг дэлхийн зах зээлд гаргахад энэ үзэсгэлэн шинэ талбар болно. Орос улс өнөөгийн байдлаар Хятад, Энэтхэг, Иран зэрэг гадаадын 7 оронд атомын цахилгаан станц барьж байгаа тухай Сергей Кириенко мэдэгдлээ. Болгарт атомын цахилгаан станц барих хамтарсан төслийг эхлүүлээд байна. Дэлхийн хаана ч ийм хэмжээтэй атомын цахилгаан станц байхгүй гэж тэр хэллээ. Дэлхийн 10 оронд оросын атомын цахилгаан станц ажиллаж байна. Эрчим хүч боловсруулах технологийн бүх үйл явцын аюулгүй байдлыг хангасан тэргүүн зэргийн технологиор дээрх станц ажилладаг. Оросын мэргэжилтнүүдийн Хятадын Тайваньд барьсан атомын цахилгаан станц нь дэлхийд хамгийн аюулгүй гэж үздэг байна. Тус станцад автомат хяналтын уламжлалт системээс гадна бараг бүх онц нөхцөлд аюулгүй байдлыг хангах дэлхийд хаана ч байхгүй идэвхтэй бүсийн хайлмагийн урхи байрлуулжээ.Хүн төрөлхтний соёл иргэншилд атомын эрчим хүчний гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэнэ гэж “Росатом” корпорацийн зөвлөх Владимир Грачев үзэж байна. «Нүүрс шатааснаар экологид асар их хор хохирол учруулж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлж байна. Нөөц нь шавхагдаж буй хий, нефтийн үнэ улам үнэтэй болж байна. Эхлээд цөмийн эрчим хүч дараа нь шинэ “цэвэр” эрчим хүч ашиглах гэсэн замналаар эрчим хүчний салбар хөгжинө. Бид бараг шинэ эрчим хүчний хувьсгалын ирмэг дээр байна. Улс бүр дээд зэргийн технологи эзэмшихийн тулд атомыг энхийн зорилгоор ашиглаж чадахгүй. Тиймээс Орос улс атомын цахилгаан станц барихад тусалж, уран баяжуулахад олон улсын хэмжээнд хамтран ажиллах санал гаргасан юм. Эдгээр технологи, тоног төхөөрөмж экспортлох, атомын цахилгаан станц барих гэрээ байгуулахад Орос улс дэлхийн тэргүүн зэргийн орнуудтай хүчтэй өрсөлдөнө» гэж В.Грачев хэллээ. Өнөөгийн байдлаар Орос улс 17 оронтой атомын цахилгаан станц барих тухай яриа хэлэлцээ хийж байна. Эдгээрийн дотор Алжир, Египет, Марокко, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс зэрэг байна. Үндэсний боловсон хүчнийг бэлтгэх, атомын цахилгаан станцыг ашиглахад инженерийн болон зөвлөлгөө өгөх үйлчилгээ үзүүлэх, мөн чанартаа дүйцсэн үнэтэй учраас Орос улстай хамтран атомын цахилгаан станц барих сонирхолтой орон их байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>