Нэвтрүүлэгч: Юуны түрүүнд интернет хэрэглэгч сонсогчиддоо зарлал хүргэе. “Манай шуудангий хайрцаг” нэвтрүүлгийг “Оросын дуу хоолой” радиогийн www.ruvr.ru уншиж, сонсох боломжтой. Дахин давтан хэлэе, манай вэб хуудсын хаяг www.ruvr.ru. Бидэнтэй электрон шуудангаар харилцдаг Улаанбаатар хотын оршин суугч Наранцэцэг, “Баянгол зочид буудал” компанийн ажилтан ажилтан Чимэддулам нарын хүсэлтээр бид “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ интернетэд тавихаар шийдлээ.
Н: Одоо радио сонсогчдынхоо захидлыг задальяа. Сүүлийн үед монгол сонсогчдын тоо нэмэгдэж байгааг тэмдэглэхэд таатай байна. Манай редакцид эртний анд нөхөд маань захидал бичиж, шинэ сонсогчид ч захидал идэвхтэй бичиж байна.
Н: Дундговь аймгийн Сайшанд хотын Улаанбаатар төмөр замын газрын ажилтан С.Түмэнтогоочоос хэсэг завсарласны эцэст дахин захидал хүлээж авсандаа бид баяртай байна. Тэрээр уулын спортын мастер юм. С.Түмэнтогооч амьдралд нь тохиосон хоер тод үйл явдлыг захидалдаа дурдсан байна. Тэрээр 1983 онд Москвад ирж, Улаан талбайд болсон жагсаалыг үзжээ. Тэрээр 1990 онд оросын уулчидтай хамт Хакассийн Саяны оргилд гарсан байна. С.Түмэнтогооч бидэнд захидал бичилгүй удсан ч, тэрээр “Оросын дуу хоолой” радиог үргэлжлүүлэн сонсч байгаа аж. Радиогийн нэвтрүүлгүүд сонирхолтой бас мэдлэгийн хүрээг тэлж байдаг тухай тэрээр захидалдаа бичжээ. Эрхэм С.Түмэнтогооч, захидал бичсэнд танд баярлаллаа. Цаашид захидал бичээрэй.
Н: Булган аймгийн Тэшиг сумын өндөр настан Д.Долгорсүрэн гуай бидэнд захидал илгээжээ. Тэрээр олон жил мал хариулж, 8 хүүхэд төрүүлэн, өсгөж хүмүүжүүлсэн байна. Өдгөө Д.Долгорсүрэн гуайн 30 ач зээ нартай бөгөөд тэд зуны амралтаар Улаанбаатараас эмээгийндээ ирж, баярлуулдаг байна. Тэрээр “Оросын дуу хоолой” радиогийн “Бадмаанямбуу” нэртэй сонсогчдын клубын гишүүн юм. Аймгийн төвд бус харин багт энэ клубыг 2003 онд байгуулжээ. Малчид цуглаад, Москвагаас дамжуулж буй нэвтрүүлгийг сонсож, санал солилцдог байна. Долгорсүрэн гуай манай нэвтрүүлгийг хамгийн шилдэг гэжээ. Эрхэм Д.Долгорсүрэнг гуай, манай нэвтрүүлгийн талаар сайхан үг хэлсэнд, мөн нэрээр нь хүртэл мэддэг редакцийн хамт олонд анхаарал тавьсанд танд баярлаллаа.
Н: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны оршин суугч, эрхэм сонсогч Ядамрагчаагийн Доржжав москва хотын барилгачид 2005 онд Монгол Улсын нийслэлд барьж босгосон зургаан давхар Москва цогцолборын талаар захидалдаа дурджээ. Маш сайхан барилга барьсан тухай тэрээр бичсэн байна. Өнөөгийн байдлаар энэ тав тухтай орон сууцанд 1200 өрх оршин сууж байна. Оросын мэргэжилтнүүд Улаанбаатар хотод дахин барилга барьж эхэлсэнд сэтгэл хангалуун байгаагаа мөн захидалдаа бичжээ.
Н: Дорнод аймгийн Баян-Уул сумын оршин суугч эрхэм Б.Баяр “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг 35 гаруй жилийн турш сонсож, манай редакцид захидал ирүүлж байна. Москвагаас дамжуулж буй нэвтрүүлэг ердөө 30 минут үргэлжилж байгаад харамсаж байгаагаа тэрээр захидалдаа бичжээ. Нэвтрүүлгийн цагийг сунгахыг тэрээр хүссэн байна. Улаанбаатар хотын өндөр настан Сүрэнцэцэг нэврүүлгийн цагийг сунгахыг бас хүсчээ. Эрхэм анд нөхдөө, энэ асуудлыг “Оросын дуу хоолой” радио бус монголын тал шийддэг юм. Москвагаас дамжуулж буй монгол хэл дээрх нэвтрүүлгийг Улаанбаатарын цагаар 21.30 минутанд 22 болон 49 метрийн богино долгионоор, 278 болон 374 метрийн дунд долгионоор сонсож болохыг анхаараарай.
Н: “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг сонсож байгаад та бүхэнд талархаж байна. Харин одоо манай редакцийн анд Улаанбаатар хотын оршин суугч Ш. Цэндийн хөгжмийн захиалгыг биелүүлье. Ш.Цэнд нэвтрүүлгээ сонсож байгаа гэж найдаж байна. Түүнд Алла Пугачевын дуу их таалагддаг байна. Манай эрхэм сонсогч Ш.Цэндэд оросын эстрадын гарамгай дуучны хайр дурлалын сэдэвтэй шинэ дууг зориульяа.
Н: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багт оршин суугаа манай байнгын соносогч, эрхэм Д.Дэлгэрээс саяхан захидал хүлээж авлаа. Сонсогчдын дунд хэн хамгийн их асуулт тавьдаг вэ? гэсэн уралдаан зарласан бол манай Д.Дэлгэр гуай гарцаагүй түрүүлэх байсан. Тэрээр захидал бичих тоолондоо янз бүрийн сэдвээр 10 хүртэл асуулт тавидаг. Эрхэм сонсогчийнхоо асуултад бид хариулахыг хичээж байна. Бид өнөөдөр түүний тавьсан асуултанд хариульяа. ЮНЕСКО ямар ажил эрхэлдэг вэ? Энэ байгуулага орос улстай хэрхэн хамтран ажилладаг вэ? гэж Д.Дэлгэр гуай асуужээ. Аливаа улс оронд тодорхой хэмжээгээр тулгардаг хүн төрөлхтний асуудлыг ЮНЕСКО шийддэг. Гэхдээ олон улсын хамтын нийгэмлэгийн дэмжэлггүй дангаараа энэ асуудлыг шийдэх аргагүй. Олон услын энэ байгууллагын үйл ажиллагааны тэргүүн зэргийн чиглэл нь түүх, соелын үнэт зүйлийг хадгалах явдал юм. Орос улс энэ чиглэлээр ЮНЕСКО-тай идэвхтэй хамтран ажиллаж байна. ОХУ-ын нутаг дэвсгэрт орших түүх, архитектурын 23 цогцолбор ЮНЕСКО-ийн дэлхийн соелын өвийн жагсаалтад багтжээ. Орос улс, ЮНЕСКО 15 жилийн өмнө хамтран ажиллах тухай меморандумд гарын үсэг зуржээ. Энэ хугацаанд Орос улс олон улсын энэ нөлөө бүхий байгууллагын ивээл дор соелын салбарт олон томоохон төсөл хэрэгжүүлсэн. Тухайлбал дэлхийн шилдэг номын сангийн нэг Орос улсын номын санг шинэчлэх төсөл хэрэгжүүлсэн. ЮНЕСКО-ийн шинжээчид номыг маш муу нөхцөлд хадгалж байгаа талаар 1993 онд тайлан бэлтгэж, Францын засгийн газраас зээл тусламж авахад дэмжлэг үзүүлсэн юм. Энэ хөрөнгөөр их засвар хийж, техикийн баазыг шинэчилж, интернет төв байгуулсан. ЮНЕСКО-той тогтоосон хамтын ажиллагаа үүгээр зогссонгүй. Оросын номын сан ЮНЕСКО-ийн “Дэлхийн дурсгал” хөтөлбөрт багтжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд дэлхийн номын сангуудад хадгалж байгаа соелын дурсгалыг орчуулж, электрон хэлбэрээр байрлуулах юм. Эртний ном, сонин, модон бар, гэрэл зураг зэргийн интернетэд байрлуулснаар хүмүүст хүртээмжтэй болохоос гадна сайн хадгалах боломжтой юм. Улс орны нэрийн хуудас болсон Их театрыг сэргээн засварлахаар болсон нь Орос улс ЮНЕСКО-ийн хамтын ажиллагааны чухал шат байна. ЮНЕСКО-ийн шинжээчид дэлхийн туршлагыг судалсны дүнд архитектурын дурсгал театрын барилгыг шинэчилж, сэргээн засварлах санал боловсруулсан юм. Олон улсын зөвлөлдөх зөвлөл Их театрыг шинэчилж, сэргээн засварлах хугацаанд ажиллана. Азербайжан, Армени, Белорус, Молдави, ОХУ-ыг хариуцсан Москва дахь ЮНЕСКО-ийн товчооны захирлаар Монгол Улсын иргэн Дэндэвийн Бадарч ажилладагийг сануулбал эрхэм Д.Дэлгэр танд сонирхолтой байх болов уу.
Н: Одоо дуучин Борхүүгийн Амархүүд сонирхолтой мэдээ дамжуульяа. Монголын “Камертон” хамтлагийн оролцсон баярын үдэшлэг Москва хотын нэгэн клубт саяхан боллоо. “Премьер министр” хамтлагийн гоцлол дуучин “Ардын жүжигчин-3” телевизийн төслийн ялагч Б.Амархүү энэ үдэшлэгийг зохион байгуулжээ. Тэрээр нутаг нэгтнүүддээ зориулж энэ үдэшлэгийг зохион байгуулсан байна. Монгол, англи хэлээр дуулдаг “Камертон” хамтлагийн залуус Амархүүгийн эртний андууд билээ. Москва хотын “Жуманжи” клубт буриад-монголын нутаг нэгтнүүдийн үдэшлэг болж, Камертон хамтлаг ая дуугаа өргөв. Тэнд 1000 гаруй хүн цуглажээ.
Н: Амархүү энэ үдэшлэгт дуулаагүй бөгөөд зөвхөн зохион байгуулагчаар ажилласан байна. Харин манай нэвтрүүлэгт “Премьер министр” хамтлагийн гоцлол дуучин “Тэнгэр газрын хооронд” олонд түгсэн дуугаа дуулна.
Н: 2008 оны 8-р сарын 1-нд болох нарны бүтэн хиртэлт дэлхийн тэр дундаа Монголын одон орон судлаачдын сонирхолыг их татаж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн иргэн Д.Мөнхбаяр байгалийн энэ үзэгдлийн талаар мэдэхийг хүсчээ.
Н: Эрхэм сонсогч та бүхний олонх нь Монгол Улсын Ховд аймгийн Булган суманд нар хиртэлт ажиглагдахыг мэдэж байгаа биз ээ. 2008 онд нарны бүтэн хиртэлт Сибирийн Новосибирск хотод болно. Дэлхийн одон орон судлаач олон мянган хүн энд ирнэ. Тус хотод одон орны энэ ховор үзэгдлийг ажиглах талбай байгуулахаар зэхэж байна. Талбайд байрлах Новосибирскийн тоног төхөөрөмжийн үйлдвэрт хийсэн дуран авайгаар хүссэн хүн үнэ төлбөргүй энэ үзэгдлийг ажиглах боломжтой. Хотын хэмжээнд 100-150 дуран авай суурилуулна. Гадаадын иргэдэд дуран авай түрээслэх арилжааны зориулалттай талбай хүртэл байгуулах гэж байна. Нар хиртэлтийг хотоос гарч ажиглах хүсэлтэй хүмүүс хотын захын амралт, сувилалын газар очих боломжтой. Новосибирск хотын бүх зочид буудлыг захиалсан тул 8-р сараас өмнө амралтын газар өрөө захиалж болно. Загвар, дагалдах хэрэгслээсээ хамаараад дуран авайг 1-3 мянган рублээр түрээслэх боломжтой. Үүнээс гадна тусгай талбайд нар хиртэлтийг ажиглах нүдний шилийг 115 рублээр Новосибирск хотод зарж байна. Нар хиртэлтийг тортогтой шил, компакт диск, гагнуурчны шил зэргээр ажиглавал хараанд халгүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Нарны бүтэн хиртэлтийн зурвас 2008 оны 8-р сарын 1-нд баруун Сибирийн хойд хэсгээс өмнө зүг хүртэл огтолж, дараа нь Алтай, Хятад, Монголын нутагт ажиглагдана. Новосибирск хотод нар ойролцоогоор 2 минут 20 секундэд бүтэн хиртэнэ. Алтайн бүгд найрамдах улсад нар хиртэлтийг маш сайн ажиглаж болно гэж оросын шинжлэх ухаан академийн ажилтнууд үзэж байна. Энд нар 2 минут хэрээтэй хиртэнэ. Нар хиртэх үед цаг агаар ямар байхыг бүгд сонирхож байна. Хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл сарын өмнөөс энэ асуудлыг сонирхожээ. Тэр өдөр тэнгэр бүрхэг байвал харамсалтай хэрэг.
Н: Дорнод аймгийн Хэрлэн сумын сонсогч Катюшагийн хүсэлтээр бид та бүхнийг залуу дуучин Алсутай танилцуульяа. Оросын эстрадын дуучин Алсу хөгжмийн зохиолч Александр Шевченкогийн түүнд зориулж зохиосон уянгын дуунуудыг хүмүүст хүргэдэг учраас ийнхүү нэрд гарсан байж болох. Телевиз, радиогоор түүний дууг олонтаа явуулдаг. Дуучны “Өвлийн зүүд” нэртэй анхны шилдэг дуунуудын нэгийг хүргэе. Алсу дуучны гараагаа 14 настайдаа эхэлжээ. Туршлагатай, тэр дундаа өрнөдийн менежрүүд түүнтай хамтран ажилласан байна. Тэд орос улсад дүр төрх бүгээгч, хөгжимчдийг цуглуулж, татар охиныг од болгожээ. Алсу хамт ажилладаг хүмүүсээ өндөр үнэлдэг. Түүний амжилт юуны түрүүнд багийнх нь амжилт гэж тэр үздэг. Алсу хамтлагийнхаа хамт ахны хөтөлбөрөө анх Шведэд, дараа нь нэр хүндтэй коллеж дүүргэсэн Их Британид, 3 жилийн дараа эх орондоо үзүүлжээ. Тэрээр төрсөн хот Татарстаны Бугульмад анхны концертоо тоглосны дараа тэндхийн хүндэт оршин суугч болсон юм. Алсу 2000 онд эстрадын дууны Евровидение уралдаанд хоердугаар байрт орсон байна. Өнөөдөр дуучинд Москва хотын концертын шилдэг танхим санал болгож байгаа ч, Алсу сүүлийн үед концертод оролцох нь багасчээ. Залуу дуучин 3 жилийн өмнө гэрлэж, охинтой болсон бөгөөд одоо дахин үрийн зулай үнэрлэх гэж байна. Алсу хөл хүндтэй ч гэсэн, “Хоер од” телевизийн нэр хүндтэй нэвтрүүлэгт саяхан оролцсон юм. Нэвтрүүлгийн төгсгөлд Алсугийн дуулсан “Чиний цонхны гэрэл” бас нэг дууг хүргэе.
“Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг дуусах дөхлөө. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>