Олимпийн гал бүхий бамбарыг дэлхий тойрон авч явах буухиа өнөөдөр Бээжингээс эхэллээ. Олимпийн бамбарыг таван тивийн 19 хотын гудамжаар авч явна. Орос улсын хойд нийслэл Санкт-Петербургт 4-р сарын 5-нд бамбарыг авч явна.Олимпийн хөдөлгөөний уламжлалын дагуу Грект залсан олимпийн галыг өнөөдөр Хятадад авчирлаа. Одооноос олимпийн гал Бээжингийн төв талбайд асана. Олимпийн гал бүхий бамбарыг дэлхий тойрон 130 хоног авч явна. Дэлхийн тойрон авч явах олимпийн гал бүхий бамбар нь энэ өдрөөс эхлэн Бээжинд Олимпийн наадмыг зохион явуулахыг дэмжиж буйн бэлэг тэмдэг юм гэж Олон Улсын Олимпийн Хорооны /ОУОХ/ ерөнхийлөгч Жак Рогийн мэндчилгээнд өгүүлжээ. Бээжингийн олимпийн наадмыг улс төржүүлж, наадмыг Хятад улсад дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглах оролдлоготой холбогдуулан ОУОХ-ын байр суурийг энэ мэдэгдэлд тусгасан байна. Төвдөд саяхан болсон үйл явдалтай холбоотойгоор хүний эрхийг хамгаалагчид Бээжинд олимпийн наадам зохион явуулахыг хориглохыг уриалсан хятадын эсрэг жагсаал цуглаан Ази, Европ, АНУ, Австралийн хэд хэдэн хотод болсон юм. Үндэсний олимпийн хороо, тамирчид өдөөн хатгалагад үл автаж, улс төрчдийн ятгалагад ороогүй байна. Энэ бүхэн өрнөдийн зарим улс төрчдийг дургүйг хүргэжээ. Эндээс сүүлийн үед Хятад улсад үзүүлэх дарамт шахалт нэмэгдсэн байна. Тухайлбал Европын Холбооны гадаад харилцааны асуудал эрхэлсэн комиссар Бенита Ферреро-Вальднер германы “Бильд ам зонтаг” сонины ням гаригийн дугаарт өгсөн ярилцлагадаа, Бээжинд олимпийн наадам зохион явуулахыг хориглох асуудлыг авч үзэхээ илэрхийлжээ. Польш, Чех, Эстони зэрэг улсын хориг зүйд нийцэж байгаа тухай мэдэгдэл, 8-р сарын 8-нд олимпийн наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд оролцох урилгыг хүлээж авахаас татгалзах тухай зүүн Европын орнуудын уриалгыг эс тооцвол Европын Холбоо өнгөрсөн баасан гаригт Хятад улсад олимпийн наадмыг зохион явуулахыг хориглох саналыг бараг орхисны дараахан тэрээр ийм мэдэгдэл хийв. Олимпийн гал бүхий бамбарыг авч явах буухий эхлэхийн өмнөхөн Бенита Ферреро-Вальднер хятадын эсрэг ажиллагааг дэмжиж дэлхийн бүх улс оронд эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион явуулахыг уриалж байсан юм. Үүний улс төрийн өдөөн хатгалга гэхээс өөрөөр нэрлэх аргагүй. Хятад улсад улс төрийн дарамт шахалт үзүүлэхийн тулд Олимпийн наадмыг ашиглахыг Орос улс хүлээн зөвшөөрөхгүй. Бээжинд болох наадамд Оросын спортын төлөөлөгчдийг ахлах Владимир Васин наадам өндөр төвшинд болж өнгөрнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Үүнээс гадна тамирчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангана гэдэгт найдаж байгаагаа мөн хэллээ. «Асуудал, бэрхшээл тулгарахгүй гэж би бодож байна. Энэ бэрхшээлтэй асуудлыг хариуцсан Бээжингийн наадмыг зохион байгуулах хорооны мэргэжилтнүүд наадам хэвийн болох тул, сэтгэл зовохгүй байхыг тамирчдаас хүссэн» гэж Владимир Васин тэмдэглэв. Олимпийн наадмыг зохих хэмжээнд, ёслол төгөлдөр зохион явуулах Бээжингийн хүчин чармайлтыг Москва бүх талаар дэмжиж байна. Мөн наадмын аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлж байна.

Орчуулагч Г.Нарангарав