Оросын шилдэг кино шалгаруулах “Ника” шагнал гардуулах 21 дэх удаагийн ёслол Москва хотод боллоо. “Монгол хүн“ кино 2007 оны шилдэг киногоор шалгарснаас гадна найруулагчийн ажил, оператор, зураач, хувцас, дууны найруулага гэсэн төрөлд түрүүллээ. “Монгол хүн” түүхэн адал явдалт энэ кинонд Япон тэнгисээс хар далайн эрэг хүртэл үргэлжилсэн эзэнт гүрнийг байгуулсан домогт хүн Чингис хааны тухай өгүүлдэг юм. Азийн ард түмнийг нэгтгэж, монгол гүрнийг цогцлуулсан нь түүний гол гавьяа юм. Их хааны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг бус, Чингис хаан хувь хүнийхээ хувьд хэн байсан нь найруулагч Сергей Бодровын анхаарлыг татаж байв. Тэрээр кинондоо Чингис хаана бага насыг өгүүлжээ. Сергей Бодров өнөө хүртэл орчин үеийн сэдвийг их сонирхож ирсэн бөгөөд “Монгол хүн” кино нь түүхэн сэдэв хөндсөн анхны кино юм. «Нас ахих тусам их түүх, улс орнуудын түүх, дэлхийн гавьяатай хүмүүсийг их сонирхох юм. Чингис хаан дэлхийн түүхэнд гарцаагүй чухал үүрэг гүйцэтгэсэн. Төдий л сайн мэдэгдэхгүй байгаа энэ үеийн хувцас, зэвсэг зэргийг кинонд маш нарийн үзүүлсэн» гэж С.Бодров хэллээ. Чингис хааны тухай бодит мэдээлэл ховор болохоор кино үнэхээр сэтгэл хөдлөм болсон. Сергей Бодров дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжид тулгуурлан кино зохиолоо өөрөө бичсэн байна. Юуны түрүүнд 1240 онд бичсэн Чингис хааны амьдралын тухай “Нууц товчоо” юм. “12-13 зууын монголчуудын нууц, гарцаагүй түүх” нэртэй түүхч Лев Гумилевын бүтээл мөн чухал эх сурвалж болжээ. Сергей Бодров олон улсын хүчтэй багтай ажилласны дүнд кино амжилтнд хүрсэн байна. Орос улс, Казахстан, Монгол Улс, Герман, АНУ, Япон улс хамтран “Монгол хүн” киног бүтээжээ. Киног олон орон хэдийн худалдан авсан бөгөөд оросын хүн амаас гадна америкийн үзэгчид 6-р сарын эхээр энэ киног үзнэ.

Орчуулагч Г.Наранграв

<сонсох>