Интернет сүлжээний оросын хэсэг Рунет эрчимтэй өсч байна. Одоо энэ хэсэгт интернет эх үүсвэрийн хаяг буюу сая гаруй домэн нэр бүртгэжээ. 2008 оны сүүлч 2009 оны эхээр Рунетед 2 сая домэн нэр бүртгэгдэнэ. Дэлхийг хамарсан сүлжээний орос хэл дээрх хувилбар 2007 онд хамгийн амжилттай байжээ. Өнгөрсөн оны есдүгээр сард Рунетийн домэн нэр саяаас давсан байна. Энэ үйл явдлыг тохиолдуулан дурсгалын тэмдэг хүртэл гаргажээ. Энэ ер бусын бэлэг дурсгалыг “Улсын тэмдэг” үйлдвэрт цөөн хувиар хийсэн тул цуглуулагчдын дунд эрэлт ихтэй байгаа юм. Оросын домэн “РУ” хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байна гэж домэн нэр бүртгэдэг “Ру Сентер” эх орны тэргүүлэх компанийн олон нийттэй харилцах албаны захирал Андрей Воробьев ийм дүгнэлт хийж байна: “Хятад улсын домэн нэрнээс гадна орос улсын домэн нэр хамгийн өндөр хурдтай өссөн байна. Тухайлбал 2007 онд 62 хувиар өссөн байна. 2005 онд домэн “Ру” 46 хувиар, 2006 онд 61 хувиар өсчээ. Энэ жил ч ялгаагүй домэн нэр их нэмэгдэх бөгөөд шинээр тогтоосон дээд хязгаарыг төвөггүй давна» гэж А.Воробьев хэллээ. Андрей Воробьевын хэлснээр тоон өсөлтөөс гадна 2008 онд Рунетийн хэрэглэгчид “Ру” бүст гарсан жинхэнэ өсөлтийн гэрч болж болно. Үндэсний домэн нэрийн зохицуулах төв домэн нэрийг бүртгэх хугацааг нэг жилээс 10 жил хүртэл сунгах шийдвэр гаргаж магадгүй. Энэ алхам нь орос хэл дээрх домэнийг хөгжүүлэхэд чухал хэмээн оросын олонх интернет хэрэглэгчид үзэж байна. Домэн нэрийг жил бүр бүртгэх шаардлагагүй болохоор бусдын домэн нэрийг цаашид дамлан худалдах боломжгүй болно. 2008 онд Рунет дахь шинжлэх ухааны хотуудын электрон порталуудыг дэмжихэд чиглэсэн нийгмийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж “Ру сентер” компанийн төлөөлөгч ярьж байна. Шинжлэх ухааны хот, тосгодын амьдралыг тусгасан мэдээлэл бүхий сайтын хостинг, домэн нэрийг бүртгэх ажил явуулна. Шинжлэх ухааны хот хэмээх албан ёсны статустай эрдэм шинжилгээний төвөөс гадна Орос улсын янз бүрийн хотод орших эрдэм шинжилгээний олон хотын мэдээллийг илүү түгээх боломж бүрдүүлж байна. Хоёрдугаарт жил тутам зохиогддог Бүх оросын интернет марафонд дунд сургуулийн интернет порталыг дэмжих нийгмийн шинэ төсөл хэрэгжүүлнэ. “Боловсрол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд оросын сургууль бүр интернет ашиглах боломж бүрдэснийг сануульяа. Манай орны бүх сургууль өөрийн гэсэн вэб хуудастай байгаасай гэж бид хүсч байна. Энэ хөрөнгө мөнгө их шаардах учраас боловсролын бүх байгууллага үүнийг хэрэгжүүлэх боломжгүй. Тиймээс бид дунд сургуулийн вэб хуудсын хостинг, бүртгэлийг үнэгүй хийхээр шийдсэн. Интернетийн орос хэлний хэсэг өсч байгаа нь үндэсний цагаан толгойноос бүрддэг дээд төвшний домэнийг бүртгэж эхлэх тухай хэтийн төлөвтэй шийдвэр гаргахад нөлөөлөх нь гарцаагүй. Орос улсын хувьд мэдээж хэрэг кирилл үсэг байна. ОХУ-ын шинэ домэнд бүх вэб хуудсууд орос нэртэй байна. Интернетэд кирилл үсгийн хэсэг бий болсноор домэн нэр бүртгэх зах зээл 20 хувиар өснө гэж домэн нэр бүртгэх компаниуд үзэж байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>