Узбекистаны нийслэл Ташкент хотод 3-р сарын 27-нд ШХАБ-ын Терроризмын эсрэг Бүс нутгийн Зөвлөлийн /ТБЗ/ ээлжит 11 дэх удаагийн хурал болов. Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан олон үүрэгтэй, бүс нутгийн эвслийн бус нэгдлийн гишүүн орон болохыг сонсогчиддоо юуны түрүүнд сануулъяа. Энэ хуралд эдгээр орны олны танил болсон байгууллагын удирдлагууд, ТБЗ-ийн гүйцэтгэх хорооны төлөөлөгчид оролцлоо. Мэдээллийн агентлагуудын уламжилснаар терроризм, хэт даврах үзлийн эсрэг тэмцэх, терроризмын эсрэг тэмцэх боловсон хүчнийг бэлтгэхэд ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг Зөвлөлийн хуралдааны үеэр хэлэлцлээ. Ялангуяа цэргийн салбарт улс орнуудын итгэлцлийг өргөжүүлэх, худалдаа, соёл урлаг, бусад салбарт харилцан ашигтай харилцаа тогтоох зэрэг олон үүргийн хажуугаар олон улсын терроризмтай тэмцэх явдал нь ШХАБ-ын гол үүргийн нэг билээ. Энэ байгууллагын гишүүн орнууд олон улсын янз бүрийн дээрэмчдийн зэвсэгт өдөөн хатгалгад хамгийн түрүүнд өртсөн юм. Орос улс чечений зэвсэгт этгээдүүд, Дагестаны шашны тулгуур үзэлтнүүд эсрэг мөн хойд Кавказын бусад бүс нутагт хэдэн жилийн турш тэмцэл явуулж байна. Шиньжаан-Уйгурын автономит нутгийн салан тусгаарлагчид зэвсэгт тэмцлээр БНХАУ-ын бүрэлдэхүүнээс гарч, өөрийн нутагтаа “Дорнын Тюркестан” гэгчийг байгуулахыг оролдож Хтадын улс төрийн байдлыг тогтворгүй болгож байна. Төв Азийн бүгд найрамдах улсад засгийн эрхийг унагаж, халифатын улс байгуулах ойворгон зорилготой дээрэмчдийн үйлдэл намжихгүй байна. Энэ зэвсэгт этгээдүүд, салан тусгаарлагчид, янз бүрийн дээрэмчид маш сайн зэвсэглэснийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй бөгөөд Орос, Хятадын улсын эдийн засаг хүчирхэгжиж буйд сэтгэл дундуур байгаагаа ил мэдэгдэж байгаа хүмүүс, мөн хэт даврах үзэлтэй шашны байгууллагууд тэднийг санхүүжүүлж байна. Терроризм, хэт даврах үзэл зэрэг сөрөг үзэгдлийн эсрэг олон жил тэмцэл явуулна. ШХАБ-ын орнууд үүнийг ойлгож, энэ чиглэлээр хүчин чармайлтаа зохицуулахад тодорхой арга хэмжээ авч байна. Ташкент хотод ТБЗ-ийн хурал болохын өмнө ШХАБ-ын гишүүн орнуудын шинжээчдийн тусдаа уулзалт болж, энэ оны 8-р сард Бээжинд болох Олимпийн наадмын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэлэлцэв.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>