Оросын дуу хоолой радиогоос ярьж байна. Төвдийн буддын шашны тэргүүн далай лам хүч хэрэглэн эсэргүүцэхээ зогсоохыг төвдүүдэд уриаллаа. Далай лам буддын шашны бага хурал зохион явуулахаар Делид байхдаа ийнхүү мэдэгдэв.Далай ламын мэдэгдлийн гол агуулга нь Хятад улсын хилийн дотор, гадна байсан ч, төвдүүд хүч хэрэглэхийг тэрээр эрс эсэргүүцжээ. Далай лам хүч хэрэглэхээ зогсоохыг Хятадын засаг захиргаанд бус төвд үндэстнүүдэд уриалав. Түүний үзэж байгаагаар төвд, хятад үндэстнүүд зэрэгцэн орших ёстой аж. Хэрэв хүчирхийлэл үргэлжилбэл төвдийн хөөгдмөл засгийн газрын тэргүүний албан тушаалаасаа огцрохоос аргагүй гэж тэр мэдэгдэв. Үйл явдал иймдээ тулахгүй гэж тэр найдаж байна. БНХАУ-ын Төвдийн автономит нутгийн засаг захиргааны төв Лхас хотод олныг хамарсан үймээнд 280 гаруй хүн оролцсон бөгөөд тэд засаг захиргаанд сайн дураараа бууж өгчээ. Сычуань, Ганьсу мужид оршин суудаг хэдэн зуун төвд үндэстэн эсэргүүцлийн ажиллагаа явуулж, мөн тэдний адилаар бууж өгчээ. Сайн дураар бууж өгсөн тохиолдолд Хятадын засаг захиргаа урьд мэдэгдэж байсанчлан тэднийг арай хөнгөн шийтгэх аж.Төвдөд олныг хамарсан үймээн анх удаа болсны дараа гадаадын хэсэг сэтгүүлчид Лхас хотод хүрэлцэн ирлээ. Үймээний үеэр ноцтой сүйдсэн сургууль, эмнэлэг, байгууллагын барилгыг сэргээн засварлаж байгаатай тэднийг танилцуулна. Үймээнд нилээд сүйдсэн Лхас хотын түүхэн хэсэгт сэтгүүлчид очино. Тэд төвдийн шашны сүмд очиж, лам нартай уулзана. Төвдөд болсон үйл явдлыг улс төрийн зорилгод ашиглах, Бээжинд болох олимпийн наадмыг хааж боох оролдлогыг ШХАБ эсэргүүцэж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм. Олимпийн наадмыг хааж боогдуулах үйлдлийн улмаас үүнийг зохион байгуулах үндэсний олимпийн хороонд торгууль ногдуулах, ОУОХ-ны гишүүнээс хасах хүртэл арга хэмжээ авна хэмээн ОУОХ анхааруулсан юм. Төвдийн нутгаар олимпийн бамбар авч явах үеэр өдөөн хатгах ямар нэг арга хэмжээ гаргуулахгүй байх зохих арга хэмжээ авахад бэлэн байгаагаа Төвдийн засаг захиргаа мэдэгдсэн юм. Дэлхийн дээвэр далайн төвшнөөс 88844 метр өндөр Эверест оргилд бамбарыг гаргахаар зэхэж байна. Олимпийн бамбарын буухиаг таван тивээр, 8-р сарын 8-нд 19 дэх олимпийн наадмын нээлтэд Бээжинд авчирна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>