“Дэлхий ертөнц хүнсний хямралын ирмэг дээр байсан” сэдэвт нийтлэлийг “шинэ бодлого” интернет сэтгүүлд хэвлэгдсэнийг та бүхний анхааралд хүргэе. Өнөөгийн байдлаар био түлшний улмаас дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч байна. Дэлхийн хүсний бүтээгдэхүүний нөөц өдөр ирэх тусам багасч, ойрын ирээдүйд дэлхийн хамтын нийгэмлэгт хүнсний хомсдол нүүрлэж байна. Эдийн засагчдын үзэж байгаагаар дэлхийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний үнэ эрчимтэй өсөхөд хэд хэдэн хүчин зүйл шууд нөлөөлж байна. Нэгдүгээрт Энэтхэг, Хятад зэрэг хөгжиж буй орнуудад хүнсний бүтээгдэхүүний эрэлт асар их байна. Хоердугаарт эрчим хүчний эх үүсвэр түүхэнд байгаагүйгээр өсч байна. Гуравдугаарт дэлхийн эдийн засагт эрчим хүчний уламжлалт эх үүсвэрийн үнэ өндөр байгаагаас эрдэнэ шиш, сахар, дал модтны тос, хөх тариа зэрэг хүнсний бүтээгдэхүүн түүхий эд болдог био түлшийг их сонирхож байна. Өнөөгийн байдлаар дэлхийн хэмжээнд хуримталсан хүнсний бүтээгдэхүүний нөөц сүүлийн 30 жилд хамгийн доод хэмжээнд хүрчээ. Хүсний бүтээгдэхүүн гэнэт хомсодсон тохиолдолд дэлхийн агуулахуудад хадгалж байгаа хүнс ердөө дэлхийн хэмжээнд 53 хоног хэрэглэхэд хүрэлцэнэ. Өнгөрсөн оны эхээр “тогтвортой байдлын нөөц” 169 хоног байсан.Орос улс дэлхийн эдийн засгийн асуудлаас ангид байсангүй. Манай улсын хэмжээнд хүнсний гол бүтээгдэхүүний үнийн өсөлт өнгөрсөн жилийн турш ажиглагдсан. Хүн амын хүнсний үндсэн хэрэглээний барааны сагсны үнэд төрөөс хяналт тогтоосон ч, үйл явцад нөлөөлж чадаагүй. Томоохон үйлдвэрлэгчид, худалдааны сүлжээ тодорхой төрлийн талх, бяслаг, сүү, өндөг, ургамалын тос зэрэг бүтээгдэхүүний үнийг битүүмжлэх гэрээ байгуулсан билээ. Москва хотын хүнсний бүтээгдэхүүний зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг оросын бүс нутагт хүнсний бүтээгдэхүүний бөөний үнэ тогтмол өсч байв. Орос улсад хүнсний бүтээгдэхүүн өнгөрсөн оны 9-р сард 11.3 хувиар өссөн. Санал асуулгын ВЦИОМ төвийн судалгаагаар оросын хүн амын 52 хувь нь хүнсний бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгах шаардлагатай гэж хариулжээ. Улсын хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний байдал нэлээд хурцдаж байна. Үр тарианы үнэ өссөнд засгийн газар онцгой түгшиж байна. Энэ жил Орос улсад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт өнгөрсөн жилийнх шиг тийм эрчимтэй байхгүй гэж засгийн газрын дэд сайд, сангийн сайд Алексей Кудрин мэдэгдэв. Өнгөрсөн жил инфляцид нөлөөлж байсан хүчин зүйлийн нөлөө энэ жил суларсан гэж тэр хэлж байна. Хүнсний бүтээгдэхүүний огцом өсөлтөөс сэргийлэхийн тулд гааль тарифын бодлогын арга хэмжээ авах тухай ерөнхий сайд Виктор Зубков хэлсэн юм. Ихэнх бүтээгдэхүүнээ экспортолж, дотоодын зах зээлд дэлхийн зах зээлээс өндөр үнээр цөөн хэмжээний бүтээгдэхүүн худалддаг эрдэс бордоо үйлдвэрлэгчид түүнийг эрс шүүмжилсэн юм. Харин Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Алексей Гордеев шинэ ургац авах хүртэл улс оронд үр тариа хангалттай хүрэлцэх тул сэтгэл түгших шалтгаан одоохондоо байхгүй гэжээ. Засгийн газар өнгөрсөн оны намар нийгмийн ач холбогдолтой хүсний бүтээгдэхүүний үнийг битүүмжилж үнийн өсөлтийг зогсоох бодлого нь амжилтгүй болсныг хүлээн зөвшөөрсөн юм. Хэрэглээний зах зээлд үнийн өсөлтөд хяналт тавих зах зээлийн механизмд найдахаар шийдсэн. Гааль-тарифын бодлогын хатуу арга хэмжээгээр бэхжүүлсэн биржийн худалдаа зэрэгт үнэ тогтоох механизмыг илүү ил тод болгоно гэж Виктор Зубков үзэж байна. Оросын хүнсний зах зээл бүхэлдээ таагүй байгаа ч, дэлхийн хүнсний хямрал нүүрлэсэн тохиолдолд Орос улсын байдал бусад орныхоос хавьгүй дээр байна. Дэлхийг хамарсан гамшиг, дайн гарсан тохиолдолд ашиглах хүнс, түлшний стратегийн нөөцийг хуримтлуулах үүрэгтэй Орос улсын нөөцийн газар өнгөрсөн оны 1930-аад оны дунд үеээс ажиллаж байна. Онц байдалд тус байгууллага улс орны иргэн бүрт 3 сарын турш шаардлагатай хүнсээр хангах боломжтой юм. Хүнс, түлш зэргийг нөөцлөхөд ойрын гадаадын иргэдэд туслах боломжийг бас харгалзжээ.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>