Оросын ард түмэн яг 8 жилийн өмнө 2000 оны 3-р сарын 26-нд В.Путиныг ерөнхийлөгчөөр сонгосон. Түүний төрийн тэргүүний албан тушаалд байсан үеийн ажлыг дүгнэх цаг боллоо. Олон нийтийн үзэж байгаагаар В.Путины гаргасан амжилтын эхний байрт эдийн засгийн өсөлт орж байна. Ерөнхийлөгчийн албыг хашсан 8 жилийн хугацаанд янз бүрээр дүгнэж болох улс төрийн үр дүнг бодвол эдийн засгийн үр дүнг хүн амын олонх нь нааштайгаар дүгнэж байна.Сүүлийн 8 жилд Орос улсад нийгмийн уур амьсгал мэдэгдэхүйц сайжрав. Улс орон өнгөрсөн зууын 1990-ээд оны үед тулгарч байсан бэрхшээл нь түр зуурынх, Орос улсын аз хийморь хариагүй болохыг хүмүүст итгүүлж чадсан. Улс төр судлаач Сергей Михеев энэ сэдвийг үргэлжлүүлж байна: «Орос улс төрийн үзэл сурталаа өөрчилсөн нь В.Путины удирдлагын гол үр дүн гэж би бодож байгаа. Улсын үзэл суртал 1990-ээд онд амьдралын бүх салбарт хор хохирол учруулж байна хэмээн үзэж байсан бол В.Путин төрийн эрхэнд гарсны дараа энэ хандлага бүрмөсөн биш юм гэхэд тодорхой хэмжээгээр арилсан. Ямар ч байсан маш зөв чиглэлийг тодорхойлсон. Орос улс олон улсын нөлөөгөө сэргээхийг оролдож байна. Үйлдвэрлэл сэргэж байна. Хүн амын амьжиргааны төвшин эрс биш ч гэсэн мэдэгдэхүйц дээшиллээ. Одоогийн дэглэмд ноцтой дутагдал их байгаа. Тухайлбал хүнд суртал, ийм сул талтай албан тушаалтнууд олширч, тэдний бүтээмж муу байна. Нөгөө нь авилга. Ельцин төрийн эрх барьж байх үеэд энэ дутагдал тийм ч хурц илрээгүй» гэж улс төр судлаач ярьж байна. Оросын ард түмэн өөдрөг сэтгэлтэй болсон ч, төр засагт эргэлзээтэй хандаж байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Дээр дурдсан жагсаалтад баян, ядуу хүмүүсийн орлогын ялгааг нэмэх шаардлагатай. Энэ асуудлыг яваандаа засгийн газрын тэргүүн болох В.Путин шийдэх байх. В.Путины байгуулсан гол гавьяа нь улс төр, нийгэм эдийн засгийн тогтвортой байдал юм. Гуравдугаар сарын 2-нд сонгогдсон ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев улсын бодлогын үндсэн бүх асуудлаар В.Путинтэй санаа нэг бөгөөд хөгжлийн чиглэлийг хадгалах байр суурьтай байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>