Foto http://www.dni.ruБээжин хотод 8-р сард олимпийн наадам зохион явуулахыг Далай лам шийдвэртэй дэмжиж байсан. Энэ тухай Шинэ Делид болсон буддын шашны хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Хятад улсад олимийн наадмыг зохион явуулах санааг ямагт дэмжиж байсан бөгөөд энэ арга хэмжээ Бээжинд болох ёстой гэж дээрхийн гэгээн Далай лам хэлэв. Европын парламентын дарга Поттергин олимпийн наадмын өмнө эсэргүүцлийн ажиллагаа явуулах шаардлагагүй гэж хэлсний дараа Далай лам ийм мэдэгдэл хийлээ. Хятад улс Төвдийн талаар баримтлах бодлогоо өөрчлөхгүй бол ямар нэг хэлбэрээр эсэргүүцлийн ажиллагаа гарсаар байхыг Хятадын удирдлага ойлгох хэрэгтэй гэж Далай лам тэмдэглэв. Бээжингийн олимпийн наадмыг амжилттай зохион явуулахад Төвдийн байдал хамаатай, тиймээс өрнөдийн удирдагчид 2008 оны олимпийн наадамд хүрэлцэн ирэх боломжтой эсэхэд зөвхөн Хятадын засаг захиргаа хариулж чадна гэж Германы Гадаад хэргийн сайд Штайнмайер хэллээ. Өрнөдийн хэд хэдэн албаны хүмүүсээс гадна Голливудын нэрд гарсан жүжигчин Ричард Гир, Стивен Сигал, Шэрон, Оливер Стоун, мөн буддын шашны гэгээнтнүүд гэж нэрлэдэг хүмүүс энэ эсэргүүцлийн арга хэмжээг дэмжиж байна. Европын Холбооны гишүүн орнуудын спотын байгууллагын тэргүүн нар Словенид уулзаж, Төвдөд болсон үйл явдлын улмаас БНХАУ-д зуны олимпийн наадмыг зохион явуулах боломжийг хязгаарлан, боохыг санал нэгтэй эсэргүүцжээ. Төвдийн автономит нутгийн удирдлага төвдийн нутгаар олимпийн бамбар авч явахад ямар нэг өдөөн хатгах арга хэмжээ авахаас сэргийлж, шаардлагатай бүхий л арга хэмжээ авахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Дэлхийн дээвэр Эверестийн оргилд /далайн төвшнөөс 8844 метр өндөр/ олимпийн гал асаахаар бэлтгэж байна. Олимпийн бамбарыг таван тивээр авч явж, 8-р сарын 8-нд 29 дэх олимпийн наадмын нээлтийн өдөр Бээжинд авчирна. Хятадын Синьхуа агентлаг АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн тэнхимын дарга Нэнси Пелосиг дээрэмчдийг өмгөөлөгч, өдөөн хатгагч, алуурчин хэмээн нэрлэжээ. Тэрээр Конгрессын төлөөлөгчдийн хамт саяхан далай ламтай Энэтхэгийн хойд хэсгийн Дарамсал хот дахь өргөөнд нь уулзаж, Төвдөд болсон үйл явдлыг хараат бусаар мөрдөн шалгахыг уриалсан юм. Синьхуа агентлагийн үзэж байгаагаар Лхас хотод болсон үймээнд гэм зэмгүй хүмүүс үрэгдсэн талаар ганц ч үг унагаагүй Нэнси Пелосиг хүний эрхийн талаар үг цухуйлгах эрхгүй гэжээ. Далай ламд өнгөрсөн жил АНУ-ын иргэнийн дээд шагнал Конгрессын медаль олгоход Нэнси Пелоси чухал үүрэг гүйцэтгэснийг Синьхуа агентлаг тэмдэглэллээ. Төвдөд болсон үйл явдал Косовын жишээ аюултай болохыг анхааруулж байсан хүмүүсийн зөв болохыг баталсныг өөрийн зүгээс хэлмээр байна. АНУ, өрнөдийн хэд хэдэн орны зохион байгуулсан “Косовын жишээ” олон салан тусгаарлагчдийг өдөөсөн нь гарцаагүй. Түүгээр ч барахгүй АНУ Косовод зэвсэг нийлүүлэх гэж байгаа нь тодорхой болсон.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>