Америкийн шинэ ерөнхийлөгчийг сонгох кампанит ажил ид өрнөж байна. Бүгд найрамдах нам, ардчилсан намаас төрийн тэргүүний дээд албан тушаалд нэр дэвшигчид улс орны дотоод асуудлыг их хөндөж байна. Гадаад улс төрийн асуудлыг тодорхой шийдвэрлэх цаг мөч ойртож байна. Энэ нэлээд төвөгтэй асуудал.Иракийн жишээг аваад үзье. Америкийн цэрэг энэ улсад цөмрөн орсноос хойш таван жил болжээ. Ийнхүү байлдааны ажиллагаа явуулах шалтгаан нь юу байсан бэ гэдгийг одоо хэлэхэд хэцүү. Вашингтон анх Саддам Хусейнд цөмийн зэвсэг бий гэж хэлж байсан. Энэ нь АНУ болон дэлхийн бусад оронд аюул занал учруулж байна гэж тайлбарласан. Хожим энэ таамаглал үндэслэлгүй болох нь тодорхой болсны дараа багдадын дэглэмийн террорист үйлдлийн тухай ярих болсон. Өргөн олон нийтэд сонордуулаагүй иракийн нефть зэрэг бусад шалтгаан байсан л даа. Одоо энэ бүхэн түүх болжээ. Иракт америкийн 140 мянган цэрэг байна. Иракт явуулж буй үйл ажиллагааны зардал байнга нэмэгдэж, одоо сард 12 тэрбум долларт хүрээд байна. Ийм тохиолдолд юу хийх вэ? Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа Жон Маккейн америкчүүд Иракт удаан байх ёстой гэж үзэж байна. Харин ардчилсан намаас нэр дэвшиж буй Хиллари Клинтон, Барак Обама нар Иракаас америкийн цэргийг гаргах байр суурьтай байна. Гэхдээ тэдний байр суурьт зарим нэг ялгаа бий. Америкийн цэрэг гарсны дараа Ирак хэд хэдэн хэсэг болох хуваагдаж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Тус нутаг дэвсгэр задарч магадгүй. Хэрэв курдууд тусгаар тогтнолоо зарлаж, бие даасан улсаа байгуулбал Турк, Иран улс энэ үйл явцад оролцохгүй үйлдэх нь юу л бол. Тэнд олон курд үндэстэн оршин суудаг юм. Тэд шинэ улсад нэгдэхийг үгүйсгэхгүй. Үүнээс улбаалан хилийг дахин тогтоох аюул нүүрлэж байна. Энэ ямар үр дагавартай болох нь хэнд ч ойлгомжтой. Хэрэв курдуудын жишээг суннит, шиитүүд дагавал Иран болон арабын хэд хэдэн орны хооронд хурц тэмцэл өрнөх нь гарцаагүй. Энгийн үгээр Иракт ороход тус улсаас гарахаас илүү хялбар байжээ. Афганистанд байдал мөн хүнд байна. Америкийн тусгай албад болон ерөнхийлөгч Хамид Карзай, түүний засгийн газар улс орны ердөө гуравны нэгийг хянаж байна. Талибан хөдөлгөөн Афганистаны нутаг дэвсгэрийн 10 орчим хулвийг мэдэлдээ авсан. Улс орны бусад хэсэгт омгийн болон хээрийн захирагч нар зонхилж байна. Мансууруулах бодисын үйлдвэрлэл, худалдаа дээд цэгтээ хүрээд байна. Харин америкийн цэргийнхэн тус улсад өчнөөн олон жил байгаа. Түүгээр ч барахгүй АНУ НАТО-ийн хэд хэдэн холбоотноо афганистаны ажиллагаанд татан оролцуулсан. Афганистаны аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх олон улсын хүчин 40 мянга гаруй цэрэг, офицертой. Дахин хүчирхэгжиж буй талибаны хөдөлгөөний эсрэг тэд юу ч хийж чадахгүй байна. НАТО-ийн холбоотнууд санал нэгдэхгүй байгаа нь байдлыг мөн дордуулж байна. Нийтийн тэмцэлд оруулсан хувь нэмрийн талаар эцэс төгсгөлгүй маргаан үргэлжилж байдаг. Вашингтонд афганистаны асуудлыг шийдвэрлэж мухардлаас гарах боломж харагдахгүй байна. Өөр нэг тулгамдсан асуудал бол Косово. АНУ, Канад, Япон, Европын Холбооны ихэнх орнууд энэ хязгаарын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс бэрхшээлтэй асуудал урган гарч байна. Сербүүд оршин суудаг косовын Митровиц хотод гарсан үймээнээс үзэхэд тус хязгаарт энх тайван тогтох өдий байна. Македонийн албаний цөөнхийн дунд хөдөлгөөн гарсан нь сүүлийн үед ажиглагдаж байна. Энэ бол аюултай шинж тэмдэг. Албани, Косово, Македон, Серби, Черногор, Грекийн зарим хэсгийг хамруулсан “Их Албани” нэртэй газрын зураг байсан. АНУ өрнөдийн бусад орны дэмжлэгээр нэлээд аюултай механизм бий болгожээ. Үүнийг хэрхэн зогсоохыг бурхан л мэдэх байх. Товчхондоо АНУ-ын гадаад бодлогонд шийдэх асуудал их байна. Үүнийг хэрхэн шийдвэрлэх тухайд одоогийн засаг захиргаа болоод шинэ нь ч ялгаагүй зөв хариулт олохын тулд сайтар тунгаах шаардлагатай байна.

Орчуулагч Г.Нарангарав

сонсох