Дэлхийн хамтын нийгэмлэг, шинжээчид энэ өдрүүдэд таван жилийн өмнөх үйл явдлыг эргэн дурсаж байна. Тухайн үед америкчүүд НҮБ-ын тогтоол гараагүй байхад 2003 оны 3-р сарын 20-нд холбоотнуудынхаа дэмжлэгээр Иракт өргөн хүрээтэй байлдааны ажиллагаа эхлүүлсэн. Байлдааны ажиллагааны дүнд Саддам Хусейний дэглэмийг нурааж, дарангуйлагчийг дүүжилж, эвслийн хүчнийхэн иргэний дайныг газар авахаас арай чүү тогтоон барьж байна. Байлдааны ажиллагаа эхэлснээс хойш 300 мянга орчим хүн үрэгджээ. Эх орноосоо 2 сая гаруй хүн дүрвэж, улс дотроо түр шилжин суурьшсан хүмүүсийн тоо 2,5 саяаас давжээ. Ирак дэлхийн хамгийн аюултай газрын нэг болсон гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам үзэж байна. Үүнтэй санал нийлэхээс аргагүй. Иракийн аюулгүй байдлыг сахиулах зэргээр америкчүүд тэнд үйл ажиллагаа явуулснаар АНУ-ын эдийн засагт их нөлөөлж байна. Иракт явуулж буй үйл ажиллагаанд зарцуулсан мөнгө америкийн даатгалд хамрагдаагүй 47 сая хүнд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, түүнчлэн орон сууцны барьцаат зээлийг хямралыг зохцуулахад хүрэлцэх юм. АНУ Иракт 4 триллион доллар зориулна гэж эдийн засгийн салбарт Нобелийн шагнал хүртсэн, Дэлхийн банкны ахлах эдийн засагч Жозеф Стиглиц тооцсон байна. Америкийн эдийн засагт энэ аюул занал учруулна гэж АНУ, Канадын хүрээлэнгийн орлогч захирал Виктор Супян үзэж байна. «Иракийн дайн АНУ-ын эдийн засагт давхар нөлөөлнө. Нэг талаас ямар ч дайны үед цэргийн зэр зэвсгийн захиалга ихсэж, цэргийн эд зүйлийн үйлдвэрлэл, холбогдох салбар өргөждөг. Энэ нь багагүй сөрөг нөлөөтэй. Иракт явуулж буй байлдааны ажиллагааны улмаас холбооны төсвөөс санхүүждэг цэргийн зардал ихэсдэг учраас төсвийн алдагдал нэмэгдэнэ. Өнгөрсөн жил 400 тэрбум долларт хүрсэн төсвийн алдагдал ихэссэн, мөн үүн дээр орон сууцны барьцаат зээлээс үүдэлтэй хямралын нэмэгдэж, тус улсын эдийн засаг, санхүүгийн систем үнэхээр хүнд байдалд орлоо» гэж В.Супян хэллээ.Энэ дайн АНУ-ын стратегийн алдаа байсан гэж шинжээчид үзэж байна. Америкчүүд суннит, шиитүүдийн мөргөлдөөн, Курдистаны нөхцөл байдлыг анхнаасаа тооцоогүй. Тэдний улс төрийн алдаа нь эдийн засгийн бэрхшээлтэй асуудал болон өөрчлөгдлөө. Эндээс гарах ухаалаг арга зам одоохондоо харагдахгүй байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>