Нэвтрүүлэгч: Сүүлд ирсэн шуудангийн тоймоос нэвтрүүлгээ эхэлье. Энэ 5-р сард ойгоо тэмдэглэх Монгол анд нөхдийн оросын нийгэмлэгийн 50 жилийн ойг тохиолдуулан явуулж буй асуулт хариултын уралдаанд бид захидал хүлээж авсаар байна.
Н: Эрхэм анд нөхдөө, асуулт хариултын уралдаанд идэвхтэй оролцож байгаа та бүхэнд баярлаллаа. Монгол Улсын өнцөг булан бүрээс захидал ирж байна. “Баянгол” зочид буудлын ажилтан Чимэддулам, мөн сонсогчдын “Бадмаанямбуу” клубын гишүүн, Булган аймгийн Тэшиг сумын иргэн Долгорсүрэн нараас саяхан захидал хүлээж аваад байна. Г.Чимэддулам өнгөрсөн жил “Орос хэл Монгол улсад” асуулт хариултын уралдаанд шагналт байранд орж байсан юм. Монгол Улсын нийслэлийн баянгол дүүргийн оршин суугч, өдгөө 87 настай эрхэм Бул Халтар гуйгаас захидал хүлээж авлаа. Өнөөгийн байдлаар тэрээр асуулт хариултын уралдааны хамгийн ахмад оролцогч юм.
Н: Асуулт хариултын уралдаанд оролцсон хамгийн балчир, мөн хамгийн ахмад хүнд шагнал гардуулахыг эрхэм анд та бүхэн санаж байгаа биз ээ. Уралдааны дүнг гаргах 5-р сарын 18-нд шагналын эздийг зарлана. Улаанбаатар хотын оршин суугч Чулууны Зэндэмэнэ шагналын эзэн болсныг дуулгая. Тэрээр электрон шуудан буюу и-мэйлээр хамгийн түрүүнд хариултаа илгээсэн юм. Монгол анд нөхдийн нийгэмлэгийн 50 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдааны болзлын дагуу Ч. Зэндэмэнэ анхны захидлын эзний хувьд шагнал авна.
Н: Эрхэм анд нөхдөө, асуулт хариултын уралдаан үргэлжилж байна. Асуултаа ирүүлэхэд та бүхэнд бараг 2 сар үлдээд байна. Захидлыг 5-р сарын 15 хүртэл хүлээж авна. Асуулт хариултын уралдааны ялагч, шагналтнуудыг бид 5-р сарын 18-нд буюу ням гаригт зарлана. Харин шагналыг 6-р сарын сүүлээр Улаанбаатар хотын Энх тайван найрамдалын ордонд гардуулна. Уралдааны дүнг гаргах үеэр шагнал гардуулах товын хэлнэ. Эхний шагналын эзний туршлагыг анхаараарай. Хэн нэг нь асуултаа электрон шуудангаар илгээж болно шүү дээ. Хариултаа и-мэйл буюу электрон шуудангаар илгээхдээ Times new roman, Arial үсгийн фонтоор бичихийг анхаарна уу.
Н: Эрдэнэт хотын “Найрамдал” сонсогчдын клубын гишүүд хариултаа хэрхэн илгээхийг мэдэхгүй байна. Тэдний олонх нь асуулт хариултын уралдаанд оролцохоор бэлтгэж байгаа гэж найдаж байна. Бид энэ тухай тус клубын дарга, эрхэм Магсаржалам гуйан захидлаас уншсан. Тэрээр сурагчид голдуу клубын гишүүддээ хөгжмийн зохиолч Александр Пахмутовын “Аз жаргалын шувуухай” дууг захиалжээ.
Н: Түүний хүсэлтийг дуртая биелүүлье.
Н: Сүүлийн үед манай редакцид ирсэн олон захидалд “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг үнэлснийг уншлаа. Тухайлбал Дорнод аймгийн Баян-Уул сумын 5-р багт оршин суугаа эрхэм Анад Дашням манай нэвтрүүлгийг 30 гаруй жил сонсож байгаагаа бичжээ. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээр бид сонсогчдын бүх асуултанд хариулдагт тэрээр талархажээ. Энэ нэвтрүүлэг радиогийн нэр хүндийг өргөж байгаа хэмээн тэр үзэж байна. Эрхэм Дашням мэдээ, олон улсын үйл явдлын тоймыг сонирхон сонсодог байна. Үүний ачаар тэр дэлхийд болж байгаа үйл явдлаас хоцордоггүй байна. “Оросын дуу хоолой” радио 1990-ээд оны хүнд үед монгол хэлний нэвтрүүлгээ зогсоогоогүйд талархаж явдагаа Дашням гуай бас бичжээ.
Н: Дашням гуай, тэр хүнд үед “Оросын дуу хоолой” радио хэд хэдэн хэлний нэвтрүүлгээ хааж байсан юм. Монголын ард түмэнд манай нэвтрүүлэг ямар ач холбогдолтой болохыг бид ойлгож байсан учраас монгол хэлний нэвтрүүлгээ хаах бодол төрж байгаагүй.
Н: Төв аймгийн Эрдэнэ сумын 2-р багийн оршин суугч Пагамдуламын Баясгалан бидэнд анх удаа захидал бичжээ. Манай шинэ анд 36 настай. Тэрээр саяхнаас “Оросын дуу хоолой” радиог сонсох болсон бөгөөд нэвтрүүлгийн чанар, олон янз байдал нь анхаарал татжээ. Сонирхолтой нэвтрүүлэг бэлдсэн редакцийн ажилтнуудад тэрээр талархасан байна.
Н: Бидний хөдөлмөрийг үнэлсэн Баясгалан танд их баярлаллаа. Та манай байнгын сонсогч болно гэдэгт бид найдаж байна.
Н: Манай нэвтрүүлгийг 1975 оноос байнга сонсож байгаа эрхэм Занын Зэнзэд манай редакцийн хамт олон уран бүтээлийн өндөр амжилт хүсч байна. Орос орны улс төр, эдийн засгийн амьдралд нааштай өөрчлөлт гарч байгаад баярлаж явдагаа тэрээр захидалдаа бичсэн байна. Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой гэж түүний үзэж байгаа монгол-оросын харилцаа улам өргөжиж, бэхжинэ гэдэгт манай сонсогч итгэлтэй байна.
Н: Бидэнд сонирхолтой бас нэг чухал захидал иржээ. Бид энэ захидлыг манай асуулт хариултын уралдаанд тогтмол оролцдог “Оросын дуу хоолой” радиогийн Улаанбаатар хотын сонсогчдын клубын гишүүн Сүрэнцэцэгээс хүлээж авлаа. Сонсогчдын клубын гишүүд залуучуудыг үйл ажиллгаандаа татан оролцуулахад идэвхтэй ажиллаж байгаа талаар захидалдаа бичжээ. Залуу гишүүн Ганбат саяхан тус клубын дарга болжээ. Тэрээр удахгүй бидэнтэй холбоо барина гэж найдаж байна.
Н: Эрхэм Сүрэнцэцэг гуай, Ганбат клубын үйл ажиллагааны талаар, өөрийнхөө тухай бидэнд захидал ирүүлнэ гэж найдаж байна. Эрхэм Цэгмид клубын дарга байхдаа бидэнд байнга энэ талаар захидал бичиж байсан билээ.
Н: Бидэнд захидал бичсэн эрхэм анд нөхөд та бүхэндээ талархаж байна. Хөвсгөл аймгийн Мөрөн хотын оршин суугч эрхэм Дамбын Равдансамбуу болон эрхэм анд нөхөд та бүхэндээ Орос улсад нэрд гарсан дуучин Владимир Пресняков, Леонид Агутин нарын “нисэх буудал” нэртэй дууг хүргэе.
Н: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн оршин суугч Дэлгэр, Өмнөговь аймгийн Жаргалант сумын Баян багт оршин суугаа Мөнхбаяр нар Орос улсад нэг ерөнхийлөгчөөөс нөгөөд засгийн эрхийг шилжүүлэх явц ямар байгаа талаар сонирхожээ.
Н: Манай сонсогчид тохиолдлоор ийм асуулт тавиагүй. Гуравдугаар сарын 2-нд болсон сонгуулиар ОХУ-ын ерөнхийлөгчөөр Д. Медведевийг сонгосныг мэдэж байгаа. Одоохондоо В.Путин улс орноо удирдаж байна. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэг хоногт шилжүүлэх ажил биш учраас тэрээр тодорхой хугацаанд улс орноо удирдсаар байна. ОХУ-ын хуулинд энэ талаар тодорхой дурдсан байгаа.
Н: В.Путин энэ дээд албан тушаалын бүх онцлог шинжийг хадгалан ерөнхийлөгчийн үүргээ бүрэн хэмжээгээр гүйцэтгэнэ. Тухайлбал кремлийн танхим, москва орчмын өргөө, “цөмийн хайрцаг”, хамгаалалт, авто машины парк зэргийг Д.Медведевийг тангараг өргөх хүртэл ашиглана. Энэ бүх хугацаанд ерөнхийлөгчийн бүх зарлигт В.Путин гарын үсэг зурна.
Н: Д.Медведев 5-р сарын 7-нд ерөнхийлөгчийн тангараг өргөнө. В.Путин 2000, 2004 онуудад энэ өдөр албан есоор ерөнхийлөгчийн албыг хүлээж авсан юм. Д.Медведев тангараг өргөж, ерөнхийлөгчийн засаглалын бэлэг тэмдэг хоер толгойтой бүргэд бүхий алтан гинж, Георгийн загалмай бүхий одон зэргийг түүнд гардуулна. ОХУ-ын үндсэн хуулиар Д.Медведев энэ өдрөөс эхлэн төрийн бүрэн эрхт тэргүүн оросын зэвсэгт хүчний ерөнхий командлагч, мөн кремлийн танхим, цөмийн хайрцаг, ерөнхийлөгчийн авто машины паркийн эзэн болно. Одоогоор В.Путины байгаа “Ново-Огареве” дахь зуслан түүнд үлдэнэ. Ерөнхийлөгчийн тамгын газрын удирдах ажилтан Кожин энэ тухай мэдэгдсэн юм. Д. Медведевт шинэ өргөө санал болгоно. Шинэ төрийн тэргүүнд таарах олон обьет тамгын газарт хангалттай бий.
Н: Өнөөдөр бид Улаанбаатарын сонсогч Сансаагийн Дагвадоржийн хүсэлтийг биелүүлнэ. Оросын агуу зохиолч Александр Пушкины шүлгийг нэвтрүүлгээрээ дамжуулахыг тэрээр хүсчээ.
Н: А.С. Пушкины “Кернд” шүлгийг дуртаяа уншие. Энэ шүлгийг зохиолч биширч явсан бүсгүйдээ зориулжээ. Шүлгийг 1825 оны намар бичсэн байна. Энэ үеэр Александр Сергеевич Пушкин Псковскийн гацааны Михайловск сууринд цөллөгөнд байжээ. Тэрээр 1819 онд Петербургийн цэнгүүнд 19-хөн настай гоо бүсгүй Анна Кернтэй уулзсан юм. Цэнгүүн өндөрлөж, зочид тарсны дараа дурлалд шатсан Пушкин Анна Кернийг гаргаж өгөхийн тулд дээлээ ч нөмрөлгүй хүйтэнд гарч, түүний бараа алдрах хүртэл шатан дээр зогсов. Тэр үеээс хойш Пушкин Анна Керн нар уулзалдсангүй. Яруу найрагч Михайловскт эдлэнтэй хөрш, андындаа Анна Кернтэй санамсаргүй таарч, магнай хагартал баярлажээ. Нөгөө л сэтгэл татам, гоо бүсгүй. Пушкин Кернийг гаргаж өгөхөөр ирж, хэвлэлтээс гараад удаагүй “Евгений Онегин” романаа түүнд бэлэглэв. Номын хуудсан дунд А.П. Кернд зориулсан “Би гайхалтай мөчийг санаж байна” гэсэн шүлгийн хуудсыг хавчуулсан байжээ. Шүлгийг сонсоно уу.
Н: Нэвтрүүлэгч Гантөмөрийн уншсан шүлгийг хэл бичгийн ухааны доктор, нэрд гарсан орчин үеийн орос судлаач Цэвээний Магсар монгол хэлнээ хөрвүүлжээ. Түүний “оросын яруу найрагчдын шүлгийн эмхэтгэл” 2005 онд Улаанбаатар хотод хэвлэгдсэн. Энэ бол оросын уран зохиолын сонгодог яруу найрагчдын хамгийн сүүлийн үеийн орчуулга юм.
Н: Пушкины бүтээлийг 1930-аад онд монгол хэлнээ анх хөрвүүлсэн нь манай сонсогчдод сонин байх болов уу. Орчин цагийн монгол хэлийг үндэслэгч Д.Нацагдорж “Анчар” шүлгийг анх монгол хэлээр хөрвүүлжээ. Эрдэмтэн, зохиолч, яруу найрагч Ц.Дамдинсүрэн пушкины “Алтан загасны үлгэр”-ийг монгол хэлээр гайхамшигтай орчуулсан байдаг. Хүүхдүүд энэ үлгэрийг монголд ардын үлгэр хэмээн ойлгож байсан. Монголын олон зохиолч Пушкины бүтээлийг эх хэлнээ орчуулсан билээ. С.Оюун “Ахмадын охин”, Лодойдамба, Зандра нар “Их Петрийн Арап”, Гонгоржав “Дубровскийг” зэрэг бүтээлийг тус тус орчуулжээ. Билгүүн зохиолч Б.Ринчин, Оюун, Нацагдорж нар “Белкины туужууд”-ыг орчуулж, монголын уншигчдад танилцуулжээ. Зохиолч Маам “Руслан Людмила”, Гаадамба гуай “ Бахчисрайн оргилуур”, “Цыган” зэрэг бүтээлийг нь орчуулсан байна.
Н: Оросын яруу найрагчийн гол бүтээлийн нэг “Евгений Онегин” шүлэглэсэн романыг орчуулсан нь Монголын соелын амьдралд тохиосон чухал үйл явдал юм. Монголын нэрд гарсан яруу найрагч Чойжилийн Чимид гуай энэ зохиолыг 1946 онд орчуулсан юм. Орос хэл гайхалтай эзэмшсэн энэ хүн оросын уран зохиолд татагдсан нэгэн. Пушкины бүтээл түүний сэтгэлд хамгийн ойр байдаг байж. Зохиолч Чимидийн ачаар монголчууд Пушкины “Чадаевт”, “Гүржийн гүвээнд” , “Би таныг хайрлаж байсан…”, “Арион” зэрэг бусад гайхалтай шүлгүүдтэй танилцсан билээ.
Н: Пушкины монгол хэлээр хөрвүүлсэн шүлгийг олж, уншихыг эрхэм сонсогчид ялангуяа залуучуудад зөвлөх байна. Та бүхэнд таалагдана гэж найдаж байна.
Н: Оросын хөгжмийн зохиолчид Пушкины олон шүлэгт ая зохиосон байдаг. Нэвтрүүлэгч Гантөмөрийн өнөөдөр уншсан энэ шүлэгт хөгжмийн зохиолч Михаил Глинк “Би гайхалтай мөчийг санаж байна” нэртэй романс зохиожээ. Энэ романсыг сонсоно уу.
Та бүхэн “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг сонслоо. Энэ удаагийн дугаарыг сэтгүүлч Ольга Павлович, хариуцлагатай бэлгтэгч Антонина Ломакина нар бэлтгэлээ. Эрхэм анд нөхдөө, дахин уулзалтлаа баяртай.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>