Foto http://hetrulycomes.ucoz.ruДэлхийн дулааралт умард туйлын эрчим хүчний эх үүсвэрийг илүү хүртээмжтэй болгож байгаа учраас Орос, өрнөдийн хооронд хойд туйлыг хяналтандаа авах тэмцлийг өдөөж магадгүй байна. Брюссельд болох Европын Холбооны дээд хэмжээний уулзалтад зориулж Европын Холбооны Гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Хавьер Солана, гадаад харилцааны асуудал эрхэлсэн европын комиссар Бенит Ферреро Вальднер нарын бэлтгэсэн илтгэлд ийм таамгалал дэвшүүлжээ. Умард туйлд өрнөх үйл явдал нь олон улсын тогтвортой байдал, аюулгүй байдлын асуудлаарх европын ашиг сонирхолд тодорхой үр дагавар учруулж болзошгүй хэмээн баримт бичигт дурдсан байна. Туйлын мөс хурдтай хайлж байгаа нь шинэ усан зам, олон улсын худалдааны маршрутыг нээсэн юм. Тус бүс нутгийн нүүр ус төрөгчийн асар их нөөцийг олборлох боломж нээгдэж байгаа нь геостратегийн ач холбогдлыг өөрчилж байна. Энэ нөхцөлд умард туйлын өргөрөгт хууль эрх зүйн болон ашиг сонирхлын зөрчил гарцаагүй гарна. Мөс хайлснаас бий болсон эдийн засгийн боломж нь дуулааралтаас үүдэлтэй экологийн үр дагавраас илүү хэмээн “Гардиан” сонинд бичсэн байна. Уур амьсгалын өөрчлөлт ноцтой болохыг амьдрал харуулж байна гэж шинжээч Владимир Грачев хэллээ. «Европын хойд хэсэг, азийн хувьд дэлхийн дулааралт чухал ач холбогдолтой. Дэлхийн дулааралт жинхнээсээ ажиглагдаж байгаа газар бол Умард туйл юм. Тэндхийн мөсөн оргилын мөнх цэвдэг хайлж байна».Нефть, хийгээс гадна алт, алмас эрдэнэ, цагаан алт, манган, никель, цагаан тугалга зэрэг умард туйлын эрдсийн төлөөх тэмцэл 20-р зууны тэмцлээс ялгаатай шинэ мяагийн “хүйтэн дайнд” хүргэнэ гэж зарим шинжээчид үзэж байна. Сөргөлдөөний загвар өөрчлөгдөнө. Орос, АНУ, Канад, Норвеги, Дани, бүр Хятад зэрэг хэд хэдэн орон өрсөлдөнө. Европын Холбооны илтгэл зөвхөн умард туйлаар хязгаарлагдсангүй. Дэлхийн дулааралтын гол хариуцлагыг үүрэх дэлхийн хойд хэсгийн чинээлэг орон, мөн дэлхийн дулааралтын гол үр дагаврыг үүрч байгаа өмнөд хэсгийн улс орнуудын хооронд хурцадмал байдал нэмэгдэж магадгүй байна. Цаг уурын өөрчлөлтийн улмаас үр тарианы талбай хомсдож, ундны усны хэмжээ, чанар буурч, ахуйн ариун цэврийн нөхцөл доройтож, нэг бүс нутагт үер бууж, нөгөөд ган гачиг тохиох хор уршигтай юм. Үүний улмаас ядуурал нэмэгдэж, цагаачлалын шинэ урсгал бий болж, “эмзэг орны” тоо нэмэгдэнэ. Энгийн үгээр хэлбэл дэлхийд дайны өмнөх тогтворгүй байдал үүснэ. Улс төр эдийн засгийн салбарт эв нэгдэлтэй байж, дэлхийн дулааралттай хамтын хүчээр тэмцэсний дүнд хүн төрөлхтөн энэ эрсдлийг даван туулна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>