Оросын шинжлэх ухаан академийн орос хэлний хүрээлэнд болсон орос судлаачдын олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын сэдэв орчин үеийн хотын хэл байлаа. Эрдэмтэд оросын том, жижиг хотын хэлний онцлогийн ялгаа, шинэ бодит амьдрал, интернет зэрэг орчин үеийн технологи хотын оршин суугчдын хэл ярианд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Орчин үеийн хотын хэл бол олон талтай үзэгдэл хэмээн хэл судлаачид үзэж байна. Хотынхны яриа хөдөөгийн оршин суугчдын ярианаас ялгаатай юм. Өөрийн гэсэн аялгаар, өөр өөрсдийнхөөрөө дууддаг, ахуйн эд зүйлийг өөрсдийнхөөрөө нэрлэдэг учраас хот бүр хэлний онцлогтой. Хотын хүн амын нийгмийн янз бүрийн давхарга, янз бүрийн насны бүлэгт хамаарах хүмүүсийн хэл ялгаатай байдаг. Пермийн улсын их сургуулийн хэл шинжлэгч Елена Ерофеева хотын хэлийг ийнхүү тодорхойлж байна: «Хотын хэлний хоёр орчны тухай ярьж болно. Нэг талаас нийгмийн давхарга, янз бүрийн хэлний боловсролын мөргөлдөөний дүнд бий болсон олон янзын бүтэцтэй байх нь ойлгомжтой. Нөгөө талаас янз бүрийн хэлний дэд системийн төвөгтэй харилцан үйлчлэлээс хотын хэл яриа зөвхөн тухайн хотод хамаарах нэг төрлийн хэлний бүтэц бий болдог».Олон сая хүнтэй мегаполис, тосгоныг санагдуулах бүр жижигхэн хот ч байх Орос орон асар том улс юм. Тиймээс хэл шинжлэгчдийн үзэж байгаагаар хүн ам нь орос хэлээр ярьдаг ч гэсэн, хэл ярианд ямар нэг ялгаа байгаа аж. Москвад нутгийн аялгуугаар төдий л ярихгүй, харин Калуг, Тулагийн оршин суугчид нутгийн аялгуугаар ярьдаг. Хотын хэл үүсч бий болоход хотын хэмжээ нөлөөлдөг гэж Оросын шинжлэх ухаан академийн Орос хэлний хүрээлэнгийн шинжлэх ухааны асуудал эрхэлсэн орлогч захирал, хэл бичгийн ухааны доктор Леонид Крысин ярьж байна. Л.Крысин хэлэхдээ: «Их хотын хэл яриа зохих хэм хэмжээнд илүү ойр, дүрмийн дагуу байдаг. Харин жижиг хотын хэлэнд нутгийн аялгуу нөлөөлдөг» гэлээ. Жижиг хотын хэл гэдэг нь уран зохиолын хэл, нутгийн аялгууны онцгой хольц юм. Томоохон хотууд хэлээрээ ялгардаг. Дүрэм бус харин хэллэг, үгсийн сангаар ялгардаг. Орчин үеийн хотын хэлний нэг онцлог нь хотын хэмжээ бус бодит амьдралд гарч буй өөрчлөлт тухайлбал мэргэжлийн, этгээд үг хэллэг юм. Хотын хэлэнд этгээд үг хэллэг бий болж байгаа нь орчин цагийн шинж тэдмэг хэмээн хэл шинжлэгчид үзэж байна. Сүүлийн хэдэн жил орчин үеийн хэлийг уран зохиолын мөн ондоо хэлнээс орж ирсэн хэл голлон тодорхойлж байна. 20-р зууны дунд үетэй харьцуулбал орчин үеийн хотын иргэн хэлний хэрэгслийг сонгоход илүү чөлөөтэй болсон. Энэ нь албан бус яриа тухайлбал блог, интернетийн ярилцах хэсэг, телевизийн ток-шоу нэвтрүүлэг, улс төрч, төрийн ажилтнуудын иргэдтэй албан бусаар ярих явцад энэ байдал ажиглагддаг.

Орчуулагч Г.Нарангарав

сонсох