“Роскосмос”Оросын холбооны сансрын агентлаг, Хятадын үндэсний сансрын захиргаа “Хэт ягаан туяа” дэлхийн сансар судлалын төсөлд хятадын эрдэмтдийг оролцуулах гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэж байна. Роскосмосын хэвлэлийн албанаас энэ тухай мэдэгдэв. Манай тоймч Редченко энэ сэдвээр дэлгэрэнгүйг хүргэнэ. Өнөөгийн байдлаар орос-хятадын сансар судлалын салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрт хоёр орны хамтын ажиллагааны 30 гаруй чиглэлийг багтаасан. Эдгээр ажлын нэг нь “Хэт ягаан туяа” сансар судлалын төв юм. Энэ судалгааны төв Америкийн “Хабл” сансар огторгуйн дуранг орлох ёстой юм. “Хэт ягаан туяа” сансар судлалын төв нь одот ертөнцийн хувьслын нууцыг судална. Тухайлбал нарны төрлийн оддын үүсэл, хувьсал, түүнийг тойрсон ертөнц, нарны аймгийн гаригийн химийн бүтэц, нарны гаригийн гаднах уур амьсгалыг судална. “Хэт ягаан туяа” судалгааны төв нь “алсын сансар” гэж нэрлэдэг хэт ягаан цараанд судалгаа явуулна. Энэ судалгаагаар цоо шинэ орон зайг нээж, цааш өнгийн мэдэгдээгүй шинэ объектыг харна. Орос улс энэ төслийн хүрээнд хятадын ажил нэгт нөхөддөө “Хэт ягаан туяа” судалгааны төвд өөрсдийнхөө тоног төхөөрөмжийг тавих боломж олгоно. Өнөөгийн байдлаар Хятад улс эрдэм шинжилгээний үндсэн төхөөрөмжийн нэг спектографыг бүтээхээр ажиллаж байна. Үүнээс гадны хятадын эрдэмтэд “Хэт ягаан туяа” газар дээрх судалгааны төвийг байгуулж, ашиглахад оролцох их сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Орос-хятадын хамтарсан Марс-Фобос гадаргууг судлах хиймэл дагуулын төсөл амжилттай хэрэгжиж байна. Хөрсний дээж аваад дэлхийд газардах жолоодлоггүй сансрын хөлгийг Фобос хиймэл дагуулд хөөргөхөөр төлөвлөж байна. Энэ төслийн хүрээнд Хятадын талд Ангараг, Фобосоос мэдээлэл дамжуулах “хөнгөн” гэж нэрлэдэг хиймэл дагуулын нэгийг боловсруулах санал тавьсан юм. Бээжин, Москва сансар судлалын салбарт эртнээс хамтран ажиллаж байгааг үүнтэй холбогдуулан тэмдэглэмээр байна. Үүнийг нууж хааж, сурталчлаагүй. Хятадын эрдэмтэн, зохион бүтээгчид сансрын салбарт ажиллаж байгаа Оросын багш, ажил нэгт нөхөддөө талархадаг тухай Москвагийн нисэх онгоцны дээд сургууль дүүргэсэн Хятадын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн удирдагчдын нэг Ван Юнчжи хэлсэн юм. Бээжинд болж байгаа Бүх хятадын ардын төлөөлөгчийн зөвлөлдөх зөвлөлийн чуулганд оролцож байгаа Ван Юнчжи хятадын сансрын нисэгч энэ оны 10-р сард анх удаа задгай сансарт гарахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдлээ. Задгай сансарт гарах өмсгөл бүтээх оросын бүтээлтэй танилцах боломж хятадын мэргэжилтнүүдэд гарч байжээ.

Орчуулагч Г.Наранграв

<сонсох>