АНУ-ын Техас, Огайо, Род-Айленд, Вермонт зэрэг дөрвөн муж улсад тус улсын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн анхан шатны сонгууль боллоо. Бүгд найрамдах намаас сенатч Жон Маккейн үнэмлэхүй ялалт байгуулав. Сонгуулийн энэ шатанд Вьетнамын дайны ахмад дайчин , өдгөө 70 настай Жон Маккейн сонгогчдоос шаардлагатай хэмжээнээс илүү санал авчээ. Энэ нь АНУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд бүгд найрамдах намаас албан ёсоор нэр дэвших баталгаа юм. Намын хурал 9-р сард болно. Ардчилсан намын гишүүдийн хувьд байдал хүнд байна. Хиллари Клинтон 12 муж улсад дараалан ялагдсаны дараа нэг намаас нэр дэвшсэн Барак Обамагаас хоцорсноо бараг 80 саналаар бууруулжээ. Энэ сунгаанд ардчилсан намаас хэн түрүүлэхийг урьдчилан хэлэхэд бэрх юм. Тэдний хэн нь ч шаардлагатай 2025 мандат авч чадахгүй гэж АНУ-ын олон ажиглагч үзэж байна. Тэгэхлээр энэ намаас нэр дэвшигчийн хувь заяаг “дээд төлөөлөгчид” 8-р сард болох хурлаар шийднэ. Үүнд хэдэн зуун хүн хамаарна. Тэд бол улсын сонгуулийн алба хашдаг, хуучин ерөнхийлөгч зэрэг намдаа онцгой гавъяа байгуулсан хүмүүс юм. Энэ байдлаас телевизийн Эн-би-си компанид хачирхалтай асуулт үүсчээ. Хэн ч сонгоогүй хүмүүс бүгдийг шийдвэл ардчилалд тохирох уу? Ардчиллын үлгэр хэмээн үзэж, үүнийг бусад оронд тулгахыг оролддог Америкт энэ асуултыг тавих нь зохимжтой. АНУ-ын дараагийн ерөнхийлөгч сунгаанд үлдсэн гурван нэр дэвшигчийн нэг болох нь ойлгомжтой. Орос улсын ашиг сонирхлын үүднээс байдлыг харвал Барак Обама огцом мэдэгдэл хийхээс зайлсхийдэг хүлээцтэй, аядуу улс төрч шиг байгаа юм. Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Маккейн, ардчилсан намаас нэр дэвшсэн Клинтоны тухайд ярих зүйлгүй. Ричиард Никсон тэр тусмаа Рональд Рейганы аль нь ч Мосвагийн талаар ганц олигтой зүйл амлаж байгаагүйг бид мэднэ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч байх нэг хэрэг гадаад ертөнцтэй холбоо тогтоож, улс орныг удирдана гэдэг бас өөр. Саяхан ерөнхийлөгч болсон Д.Медведев АНУ-тай үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийж, В.Путиныг ерөнхийлөгч байх 8 жилд олсон амжилтаа хадгалах байр суурьтай байна. Юуны түрүүнд Орос улстай сайн харилцаатай байх сонирхолтой байгаагаа илэрхийлэхээр түүнд утасдасан Ж.Бушт тэрээр ийн хэлжээ. Америкийн ард түмний сонгосон ерөнхийлөгчтэй Москва хамтран ажиллана.

Орчуулагч Г.Нарангаарав

<сонсох>