Дмитрий Медведев ерөнхийлөгчийн сонгуульд ялсны дараа 5-р сард засгийн эрхэнд гарах үед Кремлийн гадаад бодлого ямар байх нь өрнөдийн олон улс төрч, шинжээчдийн хувьд өнөөгийн байдлаар чухал асуудлын нэг байна. Энэ талаар олон хүн байр суурь, саналаа хэлж байгаа. Мэдээж хэрэг шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн мэдэгдэлд тулгуурласан нь дээр. Орос улсын гадаад бодлогыг үндсэн хуульд зааснаар төрийн тэргүүн тодорхойлдог гэж тэр тодорхой хэлсэн. Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн найман жилийн турш явуулсан хараат бус гадаад улс төрийн бодлогыг Д.Медведев үргэлжлүүлэх бодолтой байна. Энэ бодлогын гол санаа нь одоо мөрдөгдөж байгаа олон улсын хууль эрхийн хэм хэмжээнд Орос улсын үндэсний ашиг сонирхлыг боломжтой бүхий л аргаар хамгаалах явдал юм. Сонгуулийн гол дүн тодорхой болсон үед хийсэн анхны хэвлэлийн бага хурал дээр тэрээр энэ тухай хэлсэн. Хуучин ЗХУ-ын орон зайд интеграцчлалын харилцааг бэхжүүлэх нь Орос улсын гадаад бодлогын тэргүүн зэргийн зорилт хэмээн Д.Медведев сэтгүүлчдийн тавьсан асуултанд хариулахдаа хэлэв. Тэрээр төрийн тэргүүн болсны дараа хилийн чанадад хийх анхны айлчлалаа ТУХН-ийн оронд хийх бодолтой байна. Ардчилсан Орос улсын гурав дахь ерөнхийлөгч АНУ-тай илүү нягт хамтран ажиллах найдлага тавьж байгаагаа илэрхийлсэн юм. Хоёр улс терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, мансууруулах бодисын наймааны эсрэг тэмцэх, бүс нутгийн хямралыг зохицуулахад хамтран ажиллах сонирхолтой байгааг тэрээр тэмдэглэллээ. Европын Холбоо сонгуульд ялсантай нь холбогдуулан баяр хүргэсний хариуд Д.Медведев Москва энэ байгууллагатай улам үр нөлөөтэй хамтран ажиллахад бэлэн байгааг хэлсэн юм. Оросын ард түмний сонгосон шинэ ерөнхийлөгч хатуу, зөөлөн эсэх талаар өрнөдөд юу ч ярьж байсан, бие биенийхээ ашиг сонирхолыг харгалзан, харилцан хүндэтгэсний үндсэн дээр Орос улстай хоёр талын болон олон талын харилцаагаа сайжруулах боломжтой болохыг тэд ойлгох хэтэгтэй. Олон улсын тулгамдсан бүх асуудалд энэ хамаатай. Д.Медведев ерөнхийлөгч болсны дараа Кремль гадаад бодлогоо олон чиглэлд хадгалж, Энэтхэг, Хятад, Ази, Африк, латин Америкийн бусад улстай олон талын харилцааг өргөжүүлэх бодлого явуулах нь эргэлзээгүй.

Орчуулагч Г.нарангарав

<сонсох>