АНУ “Косовог хуваахын” эсрэг байгаа бөгөөд ийм байдал үүсэхээс сэргийлэхэд чадах бүхнээ хийнэ хэмээн мэдэгдлээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын улс төрийн асуудал эрхэлсэн орлогч Николас Бернс гадаадын сэтгүүлчидтэй уулзахдаа ийн мэдэгдсэн юм. Энэ удаа АНУ нутаг дэвсгэрийн нэгдмэл байдлыг хамгаалагчийн дүрд тоглож байна. Өнгөрсөн зууны 1990-ээд оны эхэн үеээс Балканы хойгт явуулсан америкийн бодлого улс орныг хуваан бутаргахад чиглэж байсныг харгалзавал ийм дүр тохирохгүй юм. АНУ салан тусгаарлах үзэл санааг дэмжсэнээр хуучин Югослав задрах, Сербээс Косовог салгахад суурилсан өнөөгийн хямралыг олон талаар тодорхойлсон билээ. Энэ удаа Косово зардрах төлөвтэй байна. Албани гаралтай эрх баригчид Приштины тусгаар тогтнолоо зарласныг нутгийн хойд хэсэгт голдуу оршин суудаг серби үндэстэн, бусад үндсэтний цөөнхүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Тус хязгаарыг Сербээс тусгаарлавал тэд өөрөө удирдах статустай болох асуудлыг хөндөх бодолтой байна. Энгийн үгээр хэлбэл Косово яс үндсээр хуваагдах, үүний зэрэгцээ тус бүс нутаг дахь америкийн ашиг сонирхолын аюул занал бий болох хэтийн төлөв бүрдээд байна. Энэ нь Вашингтон чиглүүлэгчээ өөрчлөх урьтал нөхцөл болсон. Америкийн дипломатууд сүүлийн жилүүдэд “мэргэшээд” байгаа үндэстний цөөнхийг эрхийг хүндэтгэх тухай мартах хэрэгтэй болоод байна. Одоо далайн чанадад косовын сербчүүд өөрөө удирдах эрхтэй болохыг эсэргүүцэж байна. Балканы хойгт хэрэгжүүлж байгаа америкийн бодлогын голдрил өөрчлөгдсөн гэж улс төр судлаач Виталий Иванов үзэж байна. «АНУ европын холбоотнуудын хамт Сербийн нутаг дэвсгэрийн хэсгийг хуваах санаачлага гарган эзэн мэт аашилж байна. Үүнээс гадна тэд хэнээс ч үл айж, хүссэнээ хийдэг болохоо, үүнтэй эвлэрхээс аргагүй болохыг харуулж байна» гэж В.Иванов хэллээ. Косово дахь серб болон бусад үндэстний цөөнхөд хууль ёсны эрхийг нь олгохоос татгалзсанаар АНУ албанийн хэт даврагчдад үндэстний цөөнхийг устгах нөхцөл бүрдүүлж байна. НАТО 1999 оноос Сербид халдах үеэр тус хязгаараас 250 мянган хүнийг хөөн гаргасныг сануулъяа. Вашингтоны хүний эрхийг хамгаалагчид энэ тухай санахыг ч хүсэхгүй байна.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>