Орос улсад төрийн тэргүүний сонгуулийн кампанит ажил дуусч байна. Орос улсын ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчид сурталчилгааны кампанит ажил явуулах сүүлчийн өдөр 2-р сарын 29-ий өдөр юм. Сонгуулийн сурталчилгааны хүрээнд нэр дэвшигчид сонгогчидтой уулзаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд тухайлбал “Оросын дуу хоолой” радиогоор сурталчилгаагаа явууллаа. Төрийн дээд албан тушаалд дөрвөн хүн нэр дэвшиж байна. Тэд бараг Оросын орчин үеийн улс төрийн бүх талбарыг төлөөлж байна. “Нэгдсэн Орос улс” намаас Дмитрий Медведев, коммунист намаас Геннадий Зюганов, Либерал ардчилсан намаас Владимир Жириновский, Ардчилсан намаас Андрей Богданов нар нэр дэвшсэн юм.
     Дмитрий Медведев ерөнхийлөгчөөр сонгогдвол одоогийн ерөнхийлөгч Владимир Путины улс төрийн залгамж бодлогыг үргэлжлүүлэхээ тэмдэглэсэн юм. Тэр хэлэхдээ: «Бид хүрсэн амжилтандаа сэтгэл ханах ёсгүй. Бидэнд шийдээгүй олон асуудал байна. Улс орон урагш ахих ёстой. Үүний тулд манай улс төр тогтвортой байх шаардлагатай. Ингэхийн тулд өдөр бүр хүмүүсийн амьдралыг сайжруулж, эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй. Орос улсын тусгаар тогтнолыг найдвартай хамгаалж, манай иргэдийн эрх чөлөөг хамгаалах хэрэгтэй. Улс орноо амжилтанд хэрхэн хүргэхийг бид мэднэ. Бид үүнийг хэрхэн хийхээ мэднэ хэмээн Д.Медведев Доод Новгородод сонгогчидтой уулзахдаа мэдэгдсэн юм.
     Д.Медведевийн гол өрсөлдөгч Геннадий Зюганов сонгуулийн өмнөх сурталчилгаандаа улс орны одоогийн удирдлагын бодлогыг шүүмжилжээ. Тэрээр “Оросын дуу хоолой” радиогийн мэтгэлцээнд ЗХУ байх үеийн зөвлөлтийн үеийн амжилтад анхаарал хандуулав. Урьд олсон бүх амжилтаа буцаах шаардлагатай байгааг Зюганов тэмдэглэсэн юм. «Бид олон зүйлийг засах боломжтой гэж би үзэж байна. Зөвлөлтийн түүх, ардын засаглал, түүхэн хувь заяандаа үнэнч байх үедээ бид бэхжиж, хамтдаа ялалт байгуулсан. Дэлхийн 2-р дайны үед бид фашизмыг нухчин дарсан. Бид сансарт хүнээ нисгэсэн. Харин өнөөдөр задарсан үедээ ядарч зүдэрч байна. Орос, Белорус, хэтдээ Украин, магадгүй Казахстаныг багтаасан холбоог сэргээх, мөн хуучин зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан бусад оронтой идэвхтэй хамтран ажиллахгүй тохиолдолд бидэнд түүхийн хэтийн төлөв байхгүй гэж коммунист намаас нэр дэвшсэн Геннадий Зюганов тэмдэглэв.
     Либерал-ардчилсан намаас нэр дэвшсэн Владимир Жириновскийн сонгуулийн сурталчилгаандаа хэлсэн үндсэн санааны нэг нь улс орноо бүгд найрамдах улсуудаас бүрддэг холбооны улсаас засаг захиргааны нэгж бүхий нэгдсэн улс болгох тухай өгүүлж байсан юм. «Миний гол зорилт бол нэгдсэн улс байгуулах явдал юм. Орос улс холбооны бүтэцтэй байгаад бүтэхгүй. Зөвлөлт засгийн үед ийм бүтэцтэй болгох хэрэгтэй байсан юм. Тиймээс зөвхөн нэгдсэн улсын бүтэцтэй байх хэрэгтэй» гэлээ. Либерал-ардчилсан намын гадаад бодлогын нэг үндсэн санаа нь Орос улсын нутгаас гадна оршин суугаа орос хэлтэн хүн амын ашиг сонирхолыг хамгаалах явдал юм. Хуучин зөвлөлтийн орон зайд хүлээн зөвшөөрөгдөөгүй бүгд найрамдах улсуудыг бүхий л аргаар дэмжих шаардлагатай гэж тэр үзэж байна. Энэ нутаг дэвсгэрийн иргэд өөрсдөө ирээдүйгээ тодорхойлох ёстой. Тэгээд ч нэг талын шийдвэрээр тусгаар тогтнолоо зарласан Косовогийн жишээ бэлхэнээ байна гэж В.Жириновский үзэж байна.
    Ардчилсан намаас нэр дэвшсэн Андрей Богданов аль болох Европтой харилцаагаа хөгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна. «Оросын хөгжил өрнөдөд байна гэж бид үзэж байна. Орос улс бол европын соёл иргэншил. Орос улс бол европын орон, орос хүн бол европ үндэстэн. Манай соёлын үнэт зүйл, өрнөдөд байгаа үнэт зүйлтэй их төстэй. Эрт, орой хэзээ боловч Орос улс Европын Холбоонд нэгдэх ёстой. Энэ бүхэн маргааш биш юм гэхэд 10 жилийн дараа болж болно. Европ манай стратегийн түнш болох нь бидний хувьд эргэлзээгүй хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигч Андрей Богданов тэмдэглэллээ. Сонгогчид 3-р сарын 2-нд сонголтоо хийж, тэргүүн зорилтоо тодорхойлох ёстой.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>