Орос улс ерөнхийлөгчийн сонгууль явуулахад бэлэн байна. Гуравдугаар сарын 2-ны өдөр болох сонгуулийг зохион байгуулалттай, Орос улсын хуулинд бүрэн нийцүүлэн явуулна. Бүс нутгийн удирдлагуудын оролцсон сонгуулийн зөвлөлгөөн дээр Сонгуулийн төв комиссийн тэргүүн Владимир Чуров үүнд итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Улс орон ерөнхийлөгчийн сонгууль явуулахад бэлэн эсэх төгсгөлийн шалгалтад манай тоймч Лада Кортун оролцсон юм. Ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэд хоногийн өмнө Владимир Чуров санал өгөх хэсэг, харилцаа холбооны систем, эрчим хүчний хангамж, аюулгүй байдал хангагдсан зэргийг шалгах нь хамгийн чухал хэмээн хэлсэн юм. Харилцаа холбоог найдвартай, жигд хангахад Сонгуулийн төв комиссийн тэргүүн онцгой анхаарал хандуулав. Үүний тулд харилцаа холбооны “Экспресс-АМ33” сансрын тусгай хиймэл дагуулыг тойрог замд оруулсан гэж ОХУ-ын Мэдээлэл технологи, харилцаа холбооны сайд Леонид Рейман сонгуулийн зөвлөлгөөний хуралдаанд хэлсэн байна. «Энэ хиймэл дагуулаар Орос улсын алслагдсан нутагт орших сонгуулийн комисс төв хэсэгтэй найдвартай холбоо барина. Үүнээс гадна онцгой тохиолдолд хиймэл дагуулд телевизийн дохиог холбох боломжтой» гэж Л.Рейман хэллээ. Сонгуулийн 96 мянган хэсэг санал хураалт явуулахад бэлэн байгаа гэж Сонгуулийн төв комиссийн тэргүүн хэлэв. Амралт сувилалын газар зэрэг оросын иргэд оршин суугаа дэлхийн олон оронд 364 сонгуулийн хэсэг ажиллана. Орос улсын алслагдсан, очиход бэрх газар нутагт, мөн гадаад хэд хэдэн оронд сонгууль хэдийн эхэлсэн бөгөөд 3-р сарын 1-нд дуусна. Харин урьдчилсан сонгуулийн үр дүнг 3-р сарын 2 хүртэл нууцална гэж Владимир Чуров хэллээ. « “Сонгууль” улсын автоматжсан системийн тусламжтайгаар Зүүн Сибирь болон Алс Дорнодын бүс нутгаас авах санал хураалтын урьдчилсан дүнг би Москвагийн цагаар 21 цагт зарлана. Социологийн албадын сонгуулийн өдөр явуулах судалгааны дүнг ч мөн танилцуулна. Харин гуравдугаар сарын 3-нд сонгуулийн урьдчилсан дүнг бид танилцуулна. Ерөнхийлөгчийн албан ёсны дүнг 3-р сарын 7-нд танилцуулна» гэж В.Чуров хэллээ. Төрийн дээд албан тушаалын төлөөх тэмцэл шувтарч байна. Оросын олон сая иргэн ардчилсан сонголт хийж, дараагийн дөрвөн жил улс орныг удирдах хариуцлагыг үүрүүлэхэд бэлэн нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхийн тулд ням гаригт сонгуулийн хэсэгт очно.

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>