2-р сарын 21-нд дэлхий даяараа 8 дахь удаагаа олон улсын эх хэлний өдрийг тэмдэгллээ. Олон хэл үүсч бий болохыг дэмжих, устаж буй хэлийг хөгжүүлж, хадгалах зорилгоор хэлний олон янз байдал, соёлыг дэмжихийн тулд ЮНЕСКО-ийн ерөнхий бага хурлаар энэ өдрийг тэмдэглэх болсон юм. Бидний материаллаг, оюуны өвийг хөгжүүлж, хадгалах хамгийн хүчтэй хэрэгсэл бол хэл юм гэж Оросын шинжлэх ухаан академийн хэлний мэдлэгийн хүрээлэнгийн “Дэлхийн хэл” бүлгийн удирдагч, хэл бичгийн ухааны доктор Андрей Кибрик ярьж байна. Олон янзын хэл цэцэглэн хөгжиж байсан тур үед дэлхий дээр 7-8 мянган хэл бий гэж тооцож байсан. Өнөөгийн байдлаар энэ баялаг эрс буураад байна. Хамгийн сүүлчийн мэдээгээр өнөө үед дэлхийн 6000 хэлний ихэнх нь түүгээр ярьдаг, “хэл эзэмшсэн” гэж нэрлэдэг хүмүүсийн тоо маш цөөн байна. Тухайлбал дэлхийн хэлний тал нь тухайн хэлийг эзэмшсэн хүмүүсийн тоо 10 мянгаас давахгүй байгаа бол дөрөв хуваасны нэгтэй тэнцэх хэлээр 1000 хүрэхгүй хүн ярьж байна. Хэл судлаачид хойч үедээ энэ баялгааг өвлүүлэн үлдээхийг чармайж байна гэж Андрей Кибрик ярив. «Олон янзын хэлийг хадгалж үлдээхтэй холбоотой асуудал их чухал. Миний бодлоор олон нийт үүнийг биологийн олон төрөл зүйлийн тулгамдсан асуудлаас доогуур үнэлж байна. Техникийн хөгжил дэвшлээс биологийн төрөл зүйл устаж үгүй болох аюул нүүрлэж байгаад хүн төрлөхтөн 100 жилийн турш түгшиж, наад зах нь уссурийскийн барыг хамгаалалтандаа аваад, тоо толгойг нь тогтоосон. Харин хэлний тухайд байдал өөр. Дэлхийд устаж үгүй болох хэдэн зуун магадгүй хэдэн мянган хэл байгаа. Гэсэн ч олон нийт биологийн төрөл зүйлийг хамгаалсан шиг арга хэмжээ авахгүй л байна. Хэл судлаачид энэ бэрхшээлтэй асуудлыг гарцаагүй ойлгоод байна» гэж Андрей Кибрик хэллээ. Дуу авиатай хэл төдийгүй хэл, сонсголгүй хүмүүсийн гарын хөдөлгөөний хэл ч ялгаагүй дэмжлэг шаардлагатай. Энэ хэл нь ердийн хэлээс огт ялгагдахгүй үнэ цэнэтэй хэлний систем байдаг гэж Андрей Кибрик ярьж байна. Харин бүх оронд энэ хэлийг хуулиар хөлөөн зөвшөөрөөгүй байдаг тул үүнийг өөрчлөх хэрэгтэй. Сонсголгүй хүмүүсийн нийгэмлэг үүнд итгэлтэй байгаа. ЮНЕСКО-ийн ивээлээр устаж үгүй болох аюул нүүрлэж байгаа дэлхийн хэлний газрын зураг бүтээсэн. Олон хэл устаж, үгүй болох аюул нүүрлээд байгаа газрыг 14 өнгөөр газрын зурагт тэмдэглэжээ. Европт л гэхэд 50 орчим хэл устаж, үгүй болох ирмэгт хүрсэн байна. ЮНЕСКО-ийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар устаж, үгүй болох хэлний байдлыг судлаад, үүнээс гарах арга хэмжээ авах хэрэгтэй гэжээ. Орос улсын хувьд Сибирийн хэсгийн ард түмний хэл устаж, үгүй болох аюул нүүрлээд байна. Энд ханты, манси, коми, ненц, якут, тува, хакас зэрэг жижиг үндэстний хэлийг хамгаалж, дэмжих шаардлагатай байна. Эдгээр үндэстний олонх нь буга хариулж, нүүдэллэн амьдардаг юм. Буга малладаг хүмүүсийн үр хүүхэд, эцэг эхээ даган нүүдэллэдэг, буга өгсгөдөг малчдын хүүхдүүдэд зайлшгүй эх хэлийг нь заадаг нүүдлийн сургууль байгуулсан. Ийм сургуулийг ЮНЕСКО зэрэг байгууллагын тэтгэлгээр санхүүжүүлж байна.

 

Орчуулагч Г.Нарангарав

<сонсох>