Foto http://www.brandtorg.ru“Орос-монголын хамтын ажиллагааны уламжлал, хэтийн төлөв” сэдэвт манай цуврал нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт Алтайн хязгаарын томоохон компанийн нэг “Пава” компанийн захирал Анжела Киселеватай хийсэн ярилцлагыг хүргэе. Алтайн хязгаарын хэд хэдэн гурилын компанийг нэгтгэдэг “Пава” нээлттэй хувьцаат нийгэмлэг орос болон гадаадын тухайлбал монголын зах зээлд гурил, үр тариа нийлүүлж байна. ЗХУ гурил, үр тариаг Монгол Улсад экспортолж байсан уламжлалтай билээ. 1930-аад онд засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрт тулгуурлан гурил, үр тариа нийлүүлж байв. Монголын ахмад үеийнхэн 1950-1990 он хүртэл гурилаар хомсдож байгаагүйг мэднэ. Орос, Монгол Улс зах зээлийн эдийн засгийн системд шилжсэнээр өөр нөхцөлд тулгуурлан хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагаа хэрхэн өрнөж буй жишээг “Пава” компанийн захирал Анжела Киселеватай хийсэн ярилцлагаас сонсоно уу.
А.Киселева: “Пава” компанийн бүтээгдэхүүн Монголын зах зээлд хэдийн танил болсон. Бид 5-аас илүү жил бүтээгдэхүүнээ тус зах зээлд нийлүүлж байна. Мөн тариа, буудай, үр зэргийг Монголд нийлүүлдэг. Өнгөрсөн жилээс гурил нийлүүлж эхэлсэн. Манай компанийн “Алтай Батюшка” худалдааны тэмдэг бүхий бүтээгдэхүүн монголын зах зээлд их эрэлттэй байгаа. Өмнө нь хөрш Буриадын бүгд найрамдах улсад оршдог зуучлагчаар дамжуулан бүтээгдэхүүнээ нийлүүлж байсан бол 2007 оны сүүлээр монголын түншүүдтэй шууд 2 гэрээ байгуулсан. Монгол Улсад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг “Таван богд”, “Секут” компани юм. Тэд манай бүтээгдэхүүнийг их сонирхож, өнгөрсөн оны 12-р сараас бид шууд гэрээгээр 3 мянган тонн гурилыг шинэ түншүүддээ нийлүүлсэн. Сүүлд байгуулсан гэрээний гол онцлог нь 1,3,5 кг-аар савласан “Пава”,”Алтай Батюшка” худалдааны тэмдэг бүхий 200 тонн дээд зэргийн гурилыг анх удаа монголын зах зээлд нийлүүлсэн юм. Урьд ихэвчлэн 50 кг шуудатай гурил нийлүүлж байсан. Манай компанийн гоемсог ууттай гурил монголын хэрэглэгчдийн анхаарлыг татаж, тэд гурилын чанарыг зохих есоор үнэлнэ гэдэгт найдаж байна.
Асуулт: Та бүтээгдэхүүнээ монголын зах зээлд ямар үнээр нийлүүлж байна?
А.Киселева: “Гарын үсэг зурсан гэрээнд заасан зах зээлийн үнэ буюу алтайн хязгаарын бусад өрсөлдөгчдийн монголын зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүний үнээс ихгүй байгаа. Монголын зах зээлд Алтайн хязгаарын 3 компани бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Монголын хүн амын амьжиргааны түвшинг харгалзан гурилынхаа үнийг тогтоосон”.
Асуулт:Монгол Улсын засгийн газрын тэргүүн С.Баяр өнгөрсөн оны 12-р сарын эхээр тус улсад хөнгөлттэй нөхцлөөр гурил яаралтай нийлүүлэх хүсэлтийн ОХУ-ын засгийн газарт гаргасан. Казахстаны зарим компани монголын зах зээлд ажиллахаас татгалзсан, ургац муу авсан зэргээс монголд амьдралын амин чухал энэ бүтээгдэхүүн хомсдсон. Монголын тариалангийн газрыг хөгжүүлэх сантай хөнгөлөлттэй нөхцлөр байгуулсан гэрээний дагуу Новосибирскийн компани цагаан сар болохын өмнөхөн монголд 30 вагон гурил нийлүүлсэн. “Пава” компани Монголд хөнгөлөлттэй нөхцлөөр гурил нийлүүлэх үү?
А.Киселева: “Тэр тийм амар хэрэг биш. Учир нь Монголд гурил оруулахад гаалийн асар өндөр татвар ноогдуулдаг. Бараг 40 хувийн. Тухайлбал хил орчмын Наушка хотод тонн гурил 400 доллар гэж үзвэл 40 хувийн татвар нэмэгдээд 500 доллар болох жишээтэй. Тэгэхлээр монголын энгийн хэрэглэгчдэд гурил үнэтэй тусаж байгаа юм. Монгол Улс жилд 2 удаа гаалийн татвараа өөрчилдөг ч, хилээр оруулахад квот буюу хязгаар тогтоодог. Цагаан сарын өмнө гаалийн татварыг хүчингүй болгож, оросын компани мөн манай компани тус улсад гурил нийлүүлсэн. ОХУ-ын Хүнс хөдөө аж ахуйн яамны сайд Гордеевийг Монгол Улсад айлчлах үеэр хэлэлцсэн хөнгөлөлттэй нөхцлөөр гурил нийлүүлэх тухайд бид ийм гэрээ байгуулахаар ажиллаж байна. Монголын хэрэглэгчдэд тусгайлан гурил нийлүүлэх тухайд гаалиар ивээх, үнэ, хөнгөлөлттэй нөхцлийг тогтоох талаар Орос улсад шаардлагагагтай журмыг давсны дараа ойрын үед гэрээнд гарын үсэг зурна”.
Асуулт: “Пава” компанийн монголын түншүүдтэйгээ хамтран ажиллах хэтийн төлөвийн талаар ярихгүй юу?
А.Киселева: “Эдгээр компаниудтай цаашид маш өргөн хүрээнд хамтран ажиллана. Бүтээгдэхүүнийхээ худалдааны тэмдгийг монголын хэрэглэгчдэд танилцуулж, ой санаанд нь суулгах мэдээлэл сурталчилгааны төлөвлөгөө боловсруулсан. “Пава” компанийн ажилтнууд хэрэглэгчийн хүсэл шаардлага, дадал, монгол ард түмний онцлог зэрэг энэ орны зах зээлийг сайтар судлахаар ойрын үед Монголд очино. Бүтээгдэхүүнээ олны танил болгох сурталчилгааг үр нөлөөтэй явуулахад энэ бүхэн чухал. Манай бүтээгдэхүүнийг борлуулах монголын компанийн худалдааны салбарын менежрүүдийг мөн бэлтгэнэ. Гарын үсэг зурсан гэрээгээ байнгын болгохоор бид төлөвлөж байна. Монголын дэлгүүрийн лангуун дээр манай бүтээгдэхүүн байнга байж байхын тулд бид энэ гэрээг байнгын болгох юм. Үүнээс гадна бид монголын зах зээлд тэжээл, будаа нийлүүлэхээр төлөвлөсөн”.

Орчуулагч Г.Нарангарав